Португал “Үндэстнүүдийн цом”-д түрүүлж, Европын аваргад оролцох эрхээ авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-09

Европын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Аваргын төлөө Португалын шигшээ баг Нидерландттай тулсан. 2016 оны Европын аваргад түрүүлсэн Португалын шигшээ баг энэ удаад ч гэсэн өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, ээлжит цомоо хүртлээ.

Европын тавцанд Португал ийн хоёр дараалж цом өргөлөө. Ингэснээр 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд шууд оролцох эрхтэй болж байгаа юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 60 дахь минутад Гедеш оруулж, багтаа ялалт авчирсан юм.

Тэгвэл нөгөө талд Английн шигшээ баг Швейцарьтай хүрэл медалийн төлөө тоглож, торгуулийн цохилтоос буулгаж авлаа. Хоёр баг үндсэн цагт хуурай тэнцсэн. Нэмэлт цагт ч гоол оруулж чадаагүй. Улмаар торгуулийн цохилт цохиход Английн хаалгач Пикфорд нэг цохилт хааснаар 6:5-аар хожлоо.