ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бразилийн ерөнхийлөгч Ши Жиньпинийг хүлээж тэсэлгүй уулзалтаа цуцалжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-30

Өчигдөр “Их 20”-ын чуулганы үеэр болох байсан нэг чухал уулзалт цуцлагджээ. Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару Хятадын дарга Ши Жиньпинийг хүлээж тэсэлгүй уулзалтаа цуцалсан байна. Дэлхийн улс орнуудын удирдагч нар албан ёсны уулзалтаас хоцорч, нэг нэгнээ хүлээлгэх үзэгдэл түгээмэл байдаг ч ийм шалтгаанаар уулзалтыг бүхэлд нь цуцлах явдал маш ховорт тооцогддог. Жишээ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бусдыг хүлээлгэж, хоцордогоороо алдартай ч одоогоор түүнтэй хийх уулзалтаа цуцалсан хүн гараагүй байгаа. Осакад болох Бразил-Хятадын удирдагчдын уулзалт өдрийн 2:30 цагаас эхлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл Ши Жиньпин ирэлгүй удсан тул Бразилийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч 2:55 цагт уулзалтыг цуцалж байгааг зарласан байна.

Болсонаругийн хэвлэлийн төлөөлөгч Отавио Рего Баррос “ерөнхийлөгчийн онгоцноос хоцрохгүйн тулд төлөөлөгчид ачаагаа баглаж бэлдэх шаардлаатай болсон” гэж цуцалсан шалтгаанаа тайлбарлажээ. Хятад улс нь Латин Америкийн хамгийн том эдийн засагтай Бразил улсын хамгийн том худалдааны түнш. Нөгөө талаар өнгөрсөн онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жайр Болсонару нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үзэл санаа, бодлогыг дэмжигч, түүнтэй ойр харилцаатайгаараа бахархдаг нэгэн. Түүнийг “Экваторын бүсийн Трамп” гэж хочлох нь бий. Тиймээс Болсонару энэ үйлдлээрээ Трампын нэгэн адил Хятад улстай харилцах харилцаандаа хатуу чиг шугам баримтлахыг харуулж байж магадгүй юм. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгүүлчидтэй уулзахдаа “Хятадууд Бразилд ирээд юм худалдан авч болно. Харин тэд Бразил улсыг худалдан авах ёсгүй” гэж хэлж байжээ. Тиймээс энэ явдал хоёр орны харилцаанд асуудал үүсгэхээс болгоомжилж байгаагаа Бразилийн судлаачид ярьж эхэлжээ.“Хариу цохилт ирэх эрсдэл өндөр байна. Хятад руу манай улс шар буурцаг, газрын тос, металл гэсэн хэдхэн нэр төрлийн түүхий эд экспортлодог. Болсонаруд улс төрийн дарамт үзүүлэхийн тулд харилцаандаа асуудал үүсгэх нь Хятадын хувьд хэцүү биш” гэж Рио Де Жанейрогийн их сургуулийн улс төрийн ухааны профессор Маурисио Санторо хэвлэлд ярьжээ.