ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Долдугаар сарын 1-нд хөлөндөө буудуулсан залуу БНСУ-д эмчлүүлэхээр болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-01

2008 оны долдугаар сарын 01 буюу одоогоос 11 жилийн өмнө УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн залуус жагсаал зохион байгуулж, эцэстээ эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд эндээс болж дөрвөн залуу буудуулж, нэг залуу МАН-ын байранд угаартаж амиа алдсан байдаг. Тэгвэл эдгээр хохирогчдын ар гэрийн төлөөлөл өнөөдөр Хэлмэгдэгдсийн хөшөөнд цэцэг өргөж, талийгаач нараа эргэн дурслаа.

Энэ үеэр талийгаач Э.Доржсүрэнгийн аав н.Энхбаяр “Тэр өдрийн дараа бид сонгуулиас л боллоо гэж бодсон. Гэвч үнэн хэрэгтээ Монголын ард түмний баялагт хэн эзэн суух вэ гэсэн тэмцлээс л болж миний хүү амиа алдсан. Сонгууль будилаантай болсон гэдгийг улс төрийн намуудаасаа эхлээд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл хүлээн зөвшөөрсөн байгаа.

Хууль бусаар авна гэсэн заалтыг зөрчихөөр барахгүй, ард түмний анхаарлыг сарниулахын тулд ард түмнээ золиосонд гаргасан. Тэр хэсгийнх нь төлөөлөл энэ 11 жилийн хугацаанд төр нь дахиад битгий ийм зүйл гаргаасай гэж явж байгаа юм. Ард түмэнд буруу байхгүй. Сонгуулиа луйвардсан ард түмэн жагсах ёстой.

Жагсаал бол нийгэм эрүүл байгаагийн хэлбэр. Төр ард түмнээсээ уучлалт гаргаж, эрх нь зөрчигдсөн 1000 гаруй залуусыг суллах ёстой байсан юм. Зүгээр л гудамжинд алхаад явж байсан залуусыг хорьсон. 250 гаруй залууст ямар ч үндэслэлгүй ял өгсөн. Тэр үеэр шархадсан зургаан залуугийн гурав нь одоо надтай холбоотой байдаг. Нэг нь хоёр, гуравхан сарын өмнө хөлөө тайруулна гээд явж байсан. Амьд байсан залуусыгаа босгоод ирэхсэн гэж бодоод тухайн үед Хуульзүйн сайд Ц.Мөнх-Оргилтой уулзаад Солонгос руу эмчилгээнд явуулсан. Тухайн үедээ 16 настай байсан сурагч залуу дунд чөмгөөрөө буудуулсан. 21 настай залуу гэдсээрээ буудуулсан.

10 жилийн дараа нөгөө 16 настай байсан залуу хөлөө тайруулахаар болж байна. Нэг нь наалдангитай гээд Монголд эмчилж болохгүй гэсэн. Тухайн үедээ Н.Энхбаяр уучлалт гуйсан бол эдгээр залууст анхаарал тавих ёстой байсан юм. Даанч төр гэж байхгүй учраас нөхөн төлбөрөө ч авч чадахгүй явж байна. Нэг залуугаа Ц.Мөнх-Оргил гишүүнд даатгаад өгсөн. Жилийн виз гаргуулаад эмчилгээнд явж байна. Гэдсэндээ буудуулсан залуу дөрвөн хүүхэдтэй. Одоо олсон мөнгөө эмчилгээнд өгөх үү, яах вэ гээд л явж байна даа. Ж.Батзандан гишүүнд хандаж үзье гэж бодож байгаа. Миний хүү тухайн үед орчуулагч, нярваар нэгэн хувийн компанид ажиллаж байсан. Тэр жагсаал цуглааныг бүх телевиз цацаж байсан учраас гэртээ тарж орж ирчихээд очих гээд гарсан байдаг. Яагаад ирсэн, яаж ирсэн, хэнтэй ирснийг бид мэдэхгүй. 24 настай байсан даа” гэсэн юм.