ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Цэрэнбат: Энэ жил 3500 жуулчинд наадмын нээлтийн билет өгнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-02

Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд олон ажил хийж байгаа билээ. Тухайлбал, жил бүрийн зургаа, долдугаар сард хоггүй, цэвэрхэн наадахыг уриалж, аян эхлүүлдэг. Тэгвэл өнөө жилийн “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа талаараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Энэ жилийн тухайд олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил бидэнтэй хамтарч ажиллахаар саналаа өглөө. Бид байгаль дэлхийгээ цэвэр цэмцгэр хайрлан хамгаалах ёстой. Ингэснээр дагаад ч жуулчдын тоо нэмэгдэнэ. Тиймээс хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн бидэнтэй нэгдэж, улс орноо хоггүй цэвэрхэн байлгахын төлөө ажиллаасай гэж хүсье. Ард иргэд маань ч хөдөө орон нутагт аялахдаа цэвэрхэн яваарай гэж хүсч байна” гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-“Цэвэрхэн наадацгаая” гэхээр иргэд зөвхөн сурталчилгаа төдий анхаардаг. Тэгвэл хор хөнөөл талаас нь бас иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм? 

-Уриалга сонсоод иргэд маань байгальд хогоо хаяхгүй, ангилж хаядаг болчихоод байгаа юм. Ажлын үр дүн гараад байгаа учраас энэ жил дахин үргэлжлүүлж байгаа. Өнгөрсөн жил арав гаруй аж ахуйн нэгж бидэнтэй хамтарч байсан бол энэ жил 20 гаруй болсон. Зарим хэвлэл мэдээлэл ч бидэнтэй хамтраад нийгмийг соён гэгээрүүлэх, мэдээлэл сурталчилгааг хүргэх талаар ажиллаж байгаа. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс ч хамтран ажиллаж байна. 

Хог хаягдлыг ашиглах, зөв зохистой менежментийг бий болгох үүднээс манай яам улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олгож, хог хаягдлыг дахин боловсруулж эхэлнэ. Мөн Үндэсний хөгжлийн газар ч төр, хувийн хэвшлийн концессоор хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх байх. Мөн сэтгүүлчдийн дунд шинэ санаа, шийдэл дэвшүүлэх нийтлэлийн уралдаан зарласан. Үүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлийн дүүргүүдийн дунд ч урамшуулалтай уралдаан зарласан байгаа. 

-Салбар яамны зүгээс нэг сая жуулчин авна гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл алга. Жуулчид хөдөө их явдаг. Хөдөө орон нутагт нь бие засах ч газар байхгүй учраас очихгүй гэх мэтээр бэрхшээл их. Энэ жуулчны асуудал ямар шатанд явна вэ? 

-Гадны 10 гаруй мянган жуулчин наадмын нээлт үзнэ гэсэн. Билет өгөөч гэдэг хүсэлт ирсэн. 3500 билет өгөөч гэсэн. Нэгдүгээрт, наадмын талбай маань төр, хувийн хэвшлийн эзэмшлийнх байдаг. Улаанбаатар хот жуулчдын наадмын билетийг хариуцан борлуулдаг юм. Бидний байгаа боломж нь ийм. 3500-г өгөх эсэх талаар ярилцаж байна. Хүсэлтээ өгсөн хүмүүсийг бүгдийг нь оруулчихвал монголчууд өөрсдөө үзэж чадахгүй болно. Том стадионтой болох хүртэл ийм байдлаар явуулахаас  өөр аргагүй. Наадмын нээлт үзэж чадаагүй ч гэсэн улс, бүсийн томоохон наадмуудыг үзэх боломжийг бүрдүүлэх үүднээс яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. 

Яамны зүгээс 11-ны орой “Naadam night” шоуг Үндэсний соёл амралтын хүрээлэнд хийнэ гэж ярьж байна. Монгол Улсын талаар таагүй мэдээ гарах тусам жуулчин багасна гэдгийг ойлгох ёстой юм шүү. Ариун цэврийн байгууламжийн тухайд аялал жуулчлалын бүсэд арай гайгүй болгосон. 

-Гадныханд өндөр үнээр үйлчилдэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болж байна гэдэг? 

-Аялал жуулчлалын чанарыг сайжруулах үүднээс Засгийн газарт мөрийн хөтөлбөрт тусгасан хөтөлбөрийн дагуу энэ чиглэлийн есөн ажлын байран дээр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулсан. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хүмүүс үнэ төлбөргүй сургалтад хамрагдаад явж байна. Улаанбаатар хотын аялал жуулчлалын газартай хамтарч байгаад ажлаа хийгээд явж байна. Шинэ зүйл ч их хийж бий. Тарифын тухайд аялал жуулчлалын компаниуд багцаар нь буюу наадмын үзвэр үйлчилгээг хамтад нь багтаасан үнэ санал болгодог. Тухайн жуулчин зөвшөөрөөд ирж байгаа учраас хэт өндөр гэж хэлэх зохисгүй байх. Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрдэг гадны жуулчдад монгол хүнтэй адилхан тариф бий болгоно. Ер нь жуулчдад ээлтэй байхыг уриалж байна. 

-Уриалах нэг хэрэг. Ажил хэрэг болж чадаж байна уу. Орчныг нь хэр бүрдүүлж өгөв. Хөдөөгийн замаар дүүрэн хог хаягдал байгаа. Тухайн орон нутаг нь идэвх, санаачилга гаргаад цэвэрлэхгүй л байна шүү дээ?

-Өнгөрсөн жилийг бодвол энэ жил хогийн савны тоог Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ТҮК-тай хамтраад нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутгийн тухайд тухайн аймаг, сумын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа. Наадмын өдрүүдэд “Торгоны зам”-ын авторалли болно. Мөн л тухайн хэсэгт нэгдсэн хогийн сав, нийтийн бие засах газрыг төвлөрүүлж байна.