ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-03

Засгийн газрын хуралдаан өнөөдөр өглөө 08.00 цагт эхэлж, нэр бүхий дипломат ажилтнуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Тухайлбал, БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татахаар болжээ.

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

Хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон боловч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг Засгийн газраас чиглэл болгосны дагуу нэр бүхий хэд хэдэн хүнийг эргүүлэн татах аж.

Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн байдлыг хангах цогц асуудлыг хэлэлцжээ. Мөн дипломат ажилтны ёс зүйн болон сахилгын дүрмийг батлах,

Ерөнхий консулыг эгүүлэн татах, Чингис хааны музей байгуулах, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.