Зуны Универсиад наадам өнөөдөр эхэлнэ

Б.ГАНЗОРИГ
2019-07-03

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX дугаар наадам өнөөдөр Италийн Наполи хотноо эхэлж байна.2019 оны наадамд таван тивийн, 120 орчим орны, найман мянган тамирчин, төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монголоос байт харваа, буудлага, жүдо, таеквондо, теннис, усан спорт, ширээний теннисний долоон төрөлд, 33 тамирчин, 13 дасгалжуулагч албаны 46 бүрэлдэхүүнтэй баг Наполийг зориод байна. Монгол Улс анх Унгарын Будапешт хотноо 1965 онд болсон зуны универсиад наадамд оролцож байжээ.Өнгөрсөн хугацаанд нийт 21 удаагийн универсиадад оролцож, Монгол Улс нийт 53 медаль хүртсэн юм. Универсиад 2019 наадмын нээлт ёслолын ажиллагаа 60 мянган хүний суудалтай “Сан Паоло” цэнгэлдэх хүрээлэнд болно. Италийн алдарт хөгжмийн зохиолч, найруулагч нарын удирдсан менежментийн баг энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхээ авч бэлтгэж байна.