Ш.Энхийн-Од “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-04

Монгол Улсын сагсан бөмбөгийн спортод өөрийн нэр, амжилтаа дархалж чадсан МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Одыг монголчууд хэдийнэ таньдаг болсон.

АНУ-д боловсрол эзэмшиж,  АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” сургуулийн лигт тоглодог Ш.Энхийн-Од зургадугаар сарын эхний долоо хоногт Монгол Улсад зохион байгуулагдсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн “3х3” ДАШТ-ий талбайд од болон гялалзсан билээ. Азийн орнуудаас ганцхан Монгол Улс хагас финальд шалгарахад энэ хүүгийн оруулсан гоол бүхэн үнэ цэнтэй байсан юм.

Монголын багийн тоглогч Ш.Энхийн-Од Латви болон Белорусын эсрэг хоёр тоглолтод 22 оноо авснаар энэхүү ДАШТ-ний онцлох таван тамирчны нэг хэмээн нэрлэгдэж байлаа. Тэгвэл Ш.Энхийн-Од өнөөдөр өөрийн нүүр номоор дамжуулан нэгэн мэдэгдэл хийв.

Тэрбээр, “Сайн байцгаана уу? Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэг сар болж байна.

Би энэ нэг сарын хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа. Миний бие 2019-2021 онуудад Prolific Prep гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна.

Олон хүмүүстэй ярилцаж байж, энэ шийдвэрийг гаргалаа. Энэ сургуульд NBA-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” хэмээжээ.