ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонсголонгийн шинэ гүүрийг өнөөдөр ашиглалтад оруулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-05

Туул гол дээгүүрх 289.4 у/м, 21.9 метр өргөнтэй хоёр эгнээ төмөр бетон гүүрийг барих ажил дуусч, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Төслийн гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК барилгын ажлыг график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж дуусчээ. Тавдугаар сарын 14-ний байдлаар шинэ гүүрийн барилга угсралтын ажлын суурь, тулгуур, дам нуруу угсралтын ажил бүрэн дууссан ч зорчих хэсэг болон явган замыг тавих гэж хугацаа алдсан аж. төлөвлөгөө ёсоор зургадугаар сард ашиглалтад оруулна хэмээсэн ч тодорхой шалтгааны улмаас нэг сар хойшилж, ийнхүү баяр наадмын өмнө нээлтээ хийж байна. Гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар барьж эхэлсэн юм. Өнгөрөгч 2017 оны зургадугаар сарын 05-ны өдөр албан ёсоор нээлтээ хийхэд тухайн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан С.Батболд “Одоо ашиглагдаж байгаа гүүрүүд нь насжилт нь 50 жил хол давсан.Урсгал болон их засвар хангалттай сайн хийгдээгүй байсан. Тиймээс шинээр барих ажлуудыг жинтэй эхлүүлж байна. Тухайлбал, Сонсголонгийн 289 урт метр гүүрийг шинэчлэн бариснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөнд онцгой ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болно” хэмээж байлаа.