ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АМГТГ: Шатахууны үнэ литр тутамдаа 45-50 төгрөгөөр буурлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-09

Өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал хийх үедээ наадмаас өмнө шатахууны үнийг буулгана гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийг хямдруулж, жижиглэнгийн үнийг дахин 50 төгрөгөөр буулгаж чадлаа хэмээн мэдээлэл хийв.

2019 оны 3-5 дугаар сард дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ тонн тутамдаа өсч хилээр орж иржээ. Үүнээс болж шатахууны үнэ литр тутамдаа 180-200 орчим төгрөгөөр өссөн байна. Харин тавдугаар сарын сүүл зургадугаар сарын эхээр хилийн үнэ нь буурч орж ирсэн бөгөөд зургадугаар сарын эхээр дизелийн түлш литр тутамдаа 45-50, А-92 автобензин литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурсан аж.

Харин долдугаар сард буюу наадмын өмнө дахин А-92, А-95 автобензиний үнийг буулгахаар болжээ. Өчигдрөөс эхлэн нийслэлийн ШТС-иудаар 50 орчим төгрөгөөр буурсан бөгөөд орон нутагт цаашдаа үргэлжлээд буураад явна гэлээ. Ингэснээр он гарснаас хойш литр тутамд 100-110 төгрөгөөр бууруулж чаджээ. АМГТГ-ын холбогдох албан тушаалтан хэлэхдээ “Сүүлийн үед газрын тосны үнэ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. ОХУ-аас нийт бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг авч байгаа. Эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авлаа.

Бид хилийн үнийг Сингапурын бирж дэх хил үнийн ханшаар авч тооцдог. 2018 онд хийгдсэн таван жилийн хугацаатай гэрээний хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Өдөр бүхэн Сингапурын биржид 16-00-16.30 минутын хооронд баррель тосны үнэ бичигдэж байгаа. Газрын тосны үнийн өсөлтөд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ хамтран хяналт тавьж байгаа. Мөн энэ оны зургадугаар сарын 04-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, дөрвөн зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг мөн танилцуулсан.

Тухайлбал, дизель түлшний үнэ литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгдсэн нь зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалсан өсөлт биш гэсэн үндэслэл гаргаж ирсэн. Тиймээс нэмсэн аж ахуйн нэгжүүдэд манай газраас мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн юм. АМГТГ-ын зүгээс сар бүрийн сүүлээр ОХУ-ын "Роснефть" компаниас үнэ авдаг бөгөөд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн үү гэдгийг судалж, тогтоодог аж. Улмаар аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх хуудас явуулдаг бөгөөд алдаагаа засахгүй бол торгууль тавих, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авдаг ажээ.