ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы Мэндчилгээ

O.Admin
2019-07-10

Эрхэм хүндэт наадамчин олон Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Улс орны хөгжлийн зүтгүүр болсон Улаанбаатар хотынхоо нийт иргэд, оршин суугчдад мөн нийслэлийн 380 жилийн ойн мэндийг хамтатган дэвшүүлье.

 Түүх домогт гардагчлан монголчууд эрт дээр үеэсээ хотгор газрыг холцортол, өвдөг газрыг өлтөртөл нааддаг дэлгэр сайхан уламжлалтай ард түмэн билээ. Үндэсний их баяр наадам бол монгол түмний бахархал омогшил төдийгүй  туурга тусгаар, бүрэн эрхт улсын тунхаг юм гэж би ойлгодог. Монголчууд биднийг дэлхийн бусад үндэстнээс ялгарах, үндэсний ижилслийг бий болгодог томоохон хүчин зүйл нь наадам гэж хэлж болно.  

Жаргалтайн дэлгэр Монгол оронд минь нар, хур тэгширсэн сайхан зун болж байна. Урин дулааны улиралд их хотын бүтээн байгуулалтын ажил улам эрчимтэй өрнөдөг билээ. Энэ жилийн хувьд Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Сонсголонгийн шинэ гүүр гэх мэт автозам, гүүрийн томоохон бүтээн байгуулалтууд нийслэлд өрнөж байна. Мөн хотын төвийн  төвлөрлийг бууруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх Төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлогын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж буйгаас гадна бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр болон түрээслээд өмчлөх гэх мэт түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх “Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг батлуулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хүн төвтэй хот бодлогын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 2019-2020 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болгох зорилт тавин ажиллаж байна. Цаашид хүнийхээ хөгжлийг нэн тэргүүнд тавьсан,  орчны аюулгүй байдлыг хангасан, алсын хараатай төлөвлөлт бүхий цогц бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө илүү хичээж ажиллах болно.

Хүннү Сүннүгээс улбаатай төрт ёсны хосгүй уламжлалт баяр наадмаараа нийслэлчүүд та бүхэн минь Хотын соёлыг түгээж, Хотол олноороо сайхан наадаарай.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан