ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт хамгийн ойр далай руу “ХҮННҮ ЭЙР” ниснэ

O.Admin
2019-07-10

БНХАУ-ын Циньхуадао /Бэйдайхө/ хот руу ирэх наймдугаар сараас эхлэн “Хүннү эйр” ХХК шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Энэхүү ажлын эхлэл болох, хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, аялагчдын тав тухыг хангасан агаарын тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Хүннү эйр”, Хятадын Циньхуадао хотын Аялал жуулчлал, соёлын газар болон Тээврийн товчоо, Гадаад харилцааны боомтын газар, хоёр улсын аялал жуулчлалын компаниудын удирдлагууд оролцсон бага хурал өнөөдөр боллоо.

Энэ үеэр “Хүннү эйр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, Циньхуадао хотын Тээврийн товчооны дэд дарга Zang Naizhen нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Хятадын Циньхуадао хот нь Улаанбаатарт хамгийн ойр далайтай боомт хот юм. Бээжингээс 270 км зайтай оршдог.

Түүнчлэн гүн цэнхэр далайн эрэг дээрх амралт, алтан шаргал элс, өтгөн шигүү ургамал, ой, халуун рашаан, усан парк, зэрлэг амьтадын хүрээлэн, алдарт цагаан хэрмийн зүүн бүсийн эхлэл цэг, далайн сувд, усан үзмийн тариалан, улаан дарсны амт, шувуудын чуулга зэргээрээ дотоод, гадаадын аялагчдын сонирхлыг татдаг үзэсгэлэнт хот юм.

МЭӨ 215 оны үед Чин Шир хэмээх хаан тусгайлан хүн томилж далайн сахиуст улс, эх орноо даатгуулдаг байснаараа алдаршсан хятадын цорын ганц, хааны нэрээр нэрлэгдсэн түүхт хот гэдгээрээ олон улсын аялагчдын татдаг хот ажээ.

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс энэ ойтой давхцан далай, тэнгисээс хол монголчууд хамгийн ойр, үзэсгэлэнт далайн эрэгт амарч аялах, харилцан хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээвэрлэгч шууд нислэг үйлдэж эхлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин бага хуралд оролцохдоо онцлон хэлж байлаа.

Мөн Циньхуадао хотын Тээврийн товчооны дэд дарга Zang Naizhen 2030 онд нисэх буудлаар үйлчлүүлэгч, аялагчдын тоог 30 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дурдаж Циньхуадао хотоос бусад улс орон руу нисэх нислэгийн тоог ч нэмэгдүүлэх болно гэлээ.

Өдгөө Циньхуадао хотын нисэх буудал жилдээ 4 сая гаруй зорчигч, аялагчдад үйлчилдэг байна.