ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Баярбаясгалан: Төв цэнгэлдэхэд 68 камер байршуулсан

O.Admin
2019-07-12

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас Төв цэнгэлдэхэд цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.

-Төв Цэнгэлдэхэд ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Цагдаагийн байгууллагын 28 ангийн 1400 орчим албан хаагч Төв цэнгэлдэх орчимд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ жилийн тухайд Төв Цэнгэлдэхийн хамгийн их хүн төвлөрдөг газрууд болон хаалгууд дээр нийт 68 хяналтын камер байршуулсан.

Мөн цагдаагийн байгууллага дэвшилтэт техник технологиудыг ашиглаж байна. Бид нүүр царай, биеийн хэлбэр, хүйсээр таньдаг 12 камерыг иргэд ихээр орж ирдэг урсгалууд дээр байршуулан хяналт тавьж байгаа.

 Төв Цэнгэлдэхийн 9 болон 10 дугаар хаалган дээр ирээд мэдээлэл, туслалцаа авч болно.

Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байсан этгээдүүдийн мэдээллийг тухайн камертай холбоно. Гэмт этгээд дүрс бичлэгт орох тохиолдолд бидэнд мэдээлэл ирэх юм. Ийм байдлаар ажиллаж байна. Өөр нэг онцлог нь зарим камерууд 360 градус эргэн бичлэг хийж, тухайн орчин тойрноо хянаж байна.

-Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирсэн үү?
-Өнөөдөр 10:30 минутын байдлаар гэмт хэргийн зөрчил, дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Төөрсөн хүүхэд бүртгэгдээгүй байна. Хөл хөдөлгөөн нэмэгдэж, нээлтийн арга хэмжээ дуусахын алдад гэмт хэрэг гарч эхэлдэг. Хамгийн их тохиолддог хэрэг бол эцэг эхчүүд бага насны хүүхдээ төөрүүлчихдэг. Хүүхдүүд тоглоом, шааранд хууртаад хойно хоцорч үлдэх тохиолдол их гардаг тул аль болох хүүхдээ урдаа бариад хөтлөөд авч явах хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Хэрэв тусламж хэрэгтэй бол аль ч цагдаагийн албан хаагч туслах боломжтой. Мөн Төв Цэнгэлдэхийн 9 болон 10 дугаар хаалган дээр ирээд мэдээлэл, туслалцаа авч болно.

-Оюутан цагдаа нар ажиллаж байгаа харагдсан.
-Төв Цэнгэлдэх хүрээлэнд 40 орчим оюутан цагдаа ажиллаж байна. Маш олон гадаадын жуулчин наадмын нээлтийг үзэхээр ирдэг. Манай оюутан цагдаа нар жуулчдад мэдээлэл өгч, тусламж үзүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллүүдийг жуулчдад өгөх үүрэгтэй.

Бага насны хүүхдээ хамгийн сайн харж хандаарай. Голын ай сав газруудад амралт зугаалга төлөвлөсөн бол бага насны хүүхдээ голын усанд оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. 

-Өмнөх жилүүдэд гэмт хэргийн гаралт ямар байсан бэ?
-Өнгөрсөн жил баяр наадмын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 151 гэмт хэрэг, 4485 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дундаас хулгайлах гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн. Иргэд хөдөө орон нутагт амарч зугаалж байх хооронд хулгайч нар орон байранд нь нэвтэрсэн гэмт хэрэг их байсан. Баяр наадмын өдрүүдэд холын замд гарч байгаа бол орон байраа хөршдөө сайн захиж, аль болох эзэнтэй үлдээхийг зөвлөж байна.

-Наадамчин олондоо ямар зөвлөгөө өгөх вэ?
-Төв Цэнгэлдэх орчимд бага насны хүүхдээ хамгийн сайн харж хандаарай. Голын ай сав газруудад амралт зугаалга төлөвлөсөн бол бага насны хүүхдээ голын усанд оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс Туул гол орчимд завьт болон морьт эргүүлүүд ажиллуулж байгаа. Эдгээр эргүүлүүдийн зөвлөмж, зөвлөгөөг маш сайн аваасай гэж хүсэж байна. Мөн хөл хөдөлгөөн ихтэй үед иргэд өөрсдийнхөө эд зүйлд хямгатай байж, хулгайгаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: www.gogo.mn