ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ

O.Admin
2018-06-12

Өнгөрсөн сард Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг УИХ-аар нэлээд дуулиантай хэлэлцэж томилсноос хойш тодорхой ашиг сонирхлын бүлгийн зүгээс эл томилгооны эсрэг махинаци өрнүүлж эхэлсэн нь илт анзаарагдах боллоо. Ер нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг яагаад “солих” болов гэдгийг эхлээд эргэн саная. Зарим нэг хуульчдын хэлж байгаа шиг Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-ийг өөрийн “харьяалалд” оруулчихаад байгаа хэрэг үү. Яагаад хэсэг хуульч УИХ-аас хэлэлцэж хийсэн томилгоог эсэргүүцээд эхлэв гээд тодруулвал зохих зүйл олон байна. Үндсэн хуулийн цэцийн  гишүүн асан Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагваа, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дууссан юм.

Тэд хуульд зааснаар хоёр дахь удаагаа буюу улиран томилогдсон учир одоо дахин томилогдох эрхгүй болсон учир орны гишүүдийг тавих болсон нь зүй ёсных. Цэцийн есөн гишүүнийг гурав, гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгосны дагуу зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Энэ журмын дагуу сая солигдсон Д.Сугарыг ҮХЦ-д анх УИХ-аас санал болгон томилж байсан бөгөөд нөгөө гурав нь Ц.Элбэгдоржийн “квот”-оор орж ирсэн хүмүүс байлаа. Тиймээс энэ удаа Д.Сугарын оронд УИХ-аас Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс журмын дагуу Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг санал болгосон хэрэг. Цэц нь одоо Цэцийн даргаар Д.Одбаяр, гишүүдээр Ш.Солонго, Н.Чинбат, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр,Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Ганзориг гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлжээ. Цэцийн гишүүдийн томилгоог харвал Д.Одбаяр, Ш.Солонго, Д.Ганзориг нарыг УИХ-аас томилсон, улс төрийн өмнөх угшлийг үзвэл МАН-ын харьяат, тус намаас УИХ-ын гишүүн болж байсан Д.Одбаяр гэх мэт хүмүүс байна. Үүнээс үзэх нь ээ, одоогийн Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн гурван хүн УИХ-аар дэмжигдэж, Цэцийн гишүүн болсноор Үндсэн хуулийн Цэцэд улс төрийн хүчнүүдийн төлөөллийн харьцаа тэнцвэртэй болсон нь харагдаж байгаа юм.

Уг нь  ҮХЦ нь улс төрөөс хамааралгүй, цэвэр хууль эрхзүйн хараат бус байгууллага боловч манайд улс төрийн хүчнээс хүмүүсээ нэр дэвшүүлж томилдог нь нууц биш. Чухам энэхүү улстөржилт ҮХЦ-ийн нэр хүндийг сүүлийн жилүүдэд асар унагах болсон билээ.  Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн манаач, улс орны тусгаар тогтнолын баталгаа болдог газар. Тэд  улстөржөөд эхэлвэл улс орны бодлого тэр чигтээ булингартах болно. Энэ удаа ч тэр Цэцийн бүрэлдэхүүний шинэ томилгоог эсэргүүцсэн “махинацийг” Б.Баяр хэмээх хуульч “Хуульчдын санаачлага” гэсэн нэрийн дор нарийн төлөвлөн явуулаад эхэлчихлээ. “Монгол Улсын улс төр хийгээд эдийн засгийн голлох шийдвэрүүд Төрийн ордноос биш  МСS группын оффисоос гардаг болоод удлаа” хэмээн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ хэлсэн байхыг уншаад цочирдож байсан ч одоо бол олон жишээн дээрээс итгэхэд хүрч байна. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жил МСS, Женко групп, Х.Баттулга, Ж.Оджаргал нарын хооронд маш ширүүн “дуэль” өрнөж ирснийг бид мэднэ. Энэ өрсөлдөөн одоо ч үргэлжилж байгааг дээрх хуульч нөхрийн явуулж байгаа үйл ажиллагаа харуулах боллоо. ҮХЦ-ийн томилгоо хууль бус болсон гэсэн өргөдөл гаргуулахаар МСS-ийнхэн ихэд мэрийж байна. Б.Баяр хэмээх хуульчийн гэргий Д.Үүрцайх нь МСS группын ахлах хуульчаар ажилладаг нь нэгийг өгүүлж байгаа хэрэг биш үү. Монгол Улсын сүүлийн үеийн бүхий л Засгийн газрын хурал энэхүү компанийн байранд “болдог” байсан гэдгийг олон улстөрчид ил далдаар ярьж ирсэн. 

Энэ нь одоо ч уламжлал болон үргэлжиж байгаа бол туйлын харамсалтай. Хоёр компанийн өрсөлдөөнд Монгол Улсын хуулийн хамгийн дээд байгууллага болох ҮХЦ хэлмэгдэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүйгээр барахгүй ийм зүйлийг үтэр таслан зогсоох байтал ҮХЦ-ийн дарга нь өөгшүүлэн сэвж ,утаа манарган улмаар түймэр тавих гээд байгаа нь үнэн бол тун ч осолтой хэрэг. Үндсэн хуулийн цэц дампуурлаа дампуурлаа гэхэд ингэтлээ дордож боломгүй. Улс орныхоо ганц “саальтай үнээг” гадны банкинд барьцаанд тавьж туусан Д.Сугар тэргүүтний үеэс арай дээр баймаар юм. Дурын нэг аж ахуйн нэг компани ҮХЦ-ээр оролдоод өөрийн таалалд нийцүүлэх гээд байдаг болсон юм бол цаашаа бид яах болж байна вэ. 

 

А.Сэргэлэн