ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн албан хаагч хүнд суртал гаргасан эсэхийг шалгана

O.Admin
2019-07-16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох Буянжаргалын Болороо гэх бүсгүйн нөхөр өнгөрөгч зургадугаар сарын 19-20-нд шилжих шөнө ажлаа тараад ор сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.

Улмаар цагдаагийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэний гомдлыг үл тоож, эрэн хайх ажлыг удаашруулсан, үл тоомсорлосноос үүдэж, залуу ажлын байрандаа буюу лифтний доод тал руу хөл алдан унан амиа алдаж, улмаар 10 гаруй хоногийн дараа олдсон байдаг.

Тэгвэл иргэн Б.Болороогийн өөрийн нүүр номдоо оруулсан “Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг удаашруулсан” гэх гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал нарт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт биечлэн хяналт тавьж, хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэх;

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг хууль, журмын хүрээнд явуулсан эсэхэд албаны шалгалт явуулж дүнг танилцуулахыг тус тус үүрэг болгожээ.

Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хатуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр эгэл иргэний гомдлыг цагдаагийн албан хаагч тухайн үед шуурхай хүлээн авч, эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн бол 28-хан настай залуу өнөөдөр эхнэр, охин хоёртойгоо элэг бүтэн амьдарч байх байлаа.