ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-18

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх саналуудыг хэлэлцсэн тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Хурлаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн талаарх зарчмын шийдвэрүүдээ гаргаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотойгоор Зөвлөлийн гишүүд хуралдаанд оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Тодруулбал, Ардчилсан намын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар  Ардчилсан намтай хамтарсан ажлын хэсэг байгуулж хамтран ажиллана. Үндсэн хуулийн мөн чанар Ардчилсан үндсэн хуулийн цаашдын үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Үндсэн хуулийг мөрдөхөд гарсан гажуудал, үүсгэсэн гол үр дагавруудыг засахгүйгээр өөрчлөлт гарахгүй. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн саналууд байгаа тухайгаа Д.Эрдэнэбат гишүүн онцоллоо. Тухайлбал,

Нэгдүгээрт: Сонгуулийн хэлбэр, яригдаж буй тогтолцооны тухай юм. Хэрвээ  манай улс ардчилсан сонгодог парламенттай улс мөн л юм бол сонгодог парламентыг бүрдүүлдэг гол суурь зарчим нь сонголт. УИХ-ын гишүүдийн хариуцлагын тухай асуудал, Засгийн газрын тогтвортой байдал, гишүүдийн ямар бүрэлдэхүүнтэй байна вэ гэдгээс онцгойлон шалтгаалдаг хүчин зүйл юм.Ер нь 76 жижиг тойргоос хувь хүнийг сонгосон нь парламентын нэгдмэл үйл ажиллагаа, бодлоготой байх, Засгийн газар нь тогтворгүй байх зэрэгт голлож ирсэн хүчин зүйл. Иймээс Үндсэн хуулийн гол суурь зарчим нь сонгодог парламентад сонгогдож байгаа их хурлын сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг бид дэмжиж байгаа.

Хоёрдугаарт: Үндсэн хуулийн нэг гажуудал нь тунхгийн шинжтэй байсан эдийн засгийн ойлголтыг өөрчлөх хандлага Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байхгүй байна. Энэ бол төрийн эдийн засгийн бодлогын тухай асуудал. Төрийн эдийн засгийн тухай бодлого зөвхөн төрийн төсөвтэй холбоотой, тэр тусмаа эсрэгээрээ УИХ-ын гишүүд төсвийг нэмж хасаж болохгүй гэсэн утгатай заалт орж ирсэн нь улс орны эдийн засгийн хөгжлийн эсрэг, ард иргэд, орон нутгийн хөгжлийн эсрэг заалтыг улам баталгаажуулж байна. Бид шинэ үндсэн хуулиа өөрчилсөн хэдий ч Монгол Улсын эдийн засгийн бодлого өөрчлөгдөөгүй нь тогтворгүй байдал, иргэддээ хүрэхгүй байгаагийн гол уршиг болж байна. Өөрөөр хэлбэл бид төвлөрсөн социалист төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж чадаагүйн нэг хэлбэр бол өнөөдрийн эдийн засгийн гажуудал, иргэдийг ядуурлаас бууруулж чадаагүйтэй холбоотой. Зах зээлийн эдийн засаг дээр социалист аргаар хандаж болохгүй. Тийм учраас орон нутгийн хөгжлийг дэмжих асуудал орон нутгийн эдийн засгийн асуудал юм. Биет байх, татвараа өөрөө хураадаг байх, бие даасан төсвөө нутгийнхаа өөрөө удирдах ёсоор баталдаг байх байр суурийг илэрхийлнэ.

Гуравдугаарт: Нутгийн өөрөө удирдах ёс, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн асуудал. Энэ бүгд өөрөө нэгдмэл ойлголт гэж заасан байдаг. Энэ гурав нэгдэж байж нутгийн өөрөө удирдлагын асуудлыг хөндөж байгаа учраас бид энэ асуудал дээр аймаг, нийслэл, хот, сум дүүргийн асуудлыг өнөөгийн түвшинд зөв зохистой зохицуулалт хийж оролцох нь зүйтэй. Ерөнхийлөгч мөн нэгдмэл байр суурьтай байгаа.

Дөрөвдүгээрт: Төрийн албыг баталгаажуулах асуудал нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байгаа. Энэ нь төрийн албанд нэгэнт орсон хүнийг халж болохгүй гэсэн нь гарах хаалгыг хааж байгаа асуудал гэж харагдаж байна. Гэхдээ асуудал нь гарах хаалгандаа биш, орох хаалгандаа байна. Өнөөдөр төрийн албаны тухай үндсэн хуульд тусгаж байгаа бол төрийн албанд орох босгыг үндсэн хуульд оруулах ёстой. Төрийн албанд орох шалгуур зарчим нь юу юм бэ гэдгээс шалтгаалж Үндсэн хуульд  зайлшгүй оруулсны дараа төрийн албан хаагчийн ёс зүй, зарчмыг яригдана.

Тавдугаарт: Шүүхийн хяналт шийдвэрийн тал дээрх санал. Нэг их хуралд шүүхийг томилох асуудалд дангаараа орж байгаа нь буруу. 

Зургадугаарт: Баялагийн сангийн асуудал. Байгалийн баялаг гэсэн ерөнхий нэр томъёогоос бид татгалзах ёстой. Энэ баялагийн санг байгуулах тухай асуудал дээр бид Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Газар доорх эрдэнэсийг баялаг болгосны дараа үүний үнэ цэнэ, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах ард иргэдийнхээ амьдрал эрүүл мэндийг сайжруулах, хуримтлал бий болгох, баялагийн сангаар дамжуулж шударгаар бүтээх нь зарчмын хувьд зөв юм.

Эдгээрээс гадна ард түмний санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Бид Ерөнхийлөгчийн саналтай хамтран ажлын хэсэг байгуулан хэлэлцүүлэгт оролцоно. Хэрвээ Ерөнхийлөгчийн санал болон бидний тавьсан энэ зарчмын саналууд үнэмлэхүй олонхоор хүч түрэн шийдэхгүйгээр явбал Ардчилсан нам хэлэлцүүлэгт орох шаардлагагүй гэдгээ илэрхийлж байна гэлээ.

Хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг наймдугаар сарын 9 хүртэл хойшиллоо. Энэ хугацаанд Ардчилсан намын гишүүд тойрогтоо хэрхэн ажиллах вэ, мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал Ерөнхийлөгчийн засаглал руу орох санал байгаа ажиглагдсан. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн засаглал руу орох санал илэрхийллээ гэж буруу ойлгож болохгүй. Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтойгоор хөндсөн, шууд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг төвлөрүүлсэн заалт үүнд байхгүй. Үүнтэй холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудлыг Үндсэн хуульд бууруулж оруулах санал бол байгаа. Ажлын хэсэгт үүнийг хэлэлцээд явах боломжтой. Харин Ерөнхийлөгч эсрэгээрээ сонгодог парламент нь хүн амын тоотой зэрэгцээд 108 байх ёстой, мөн холимог системтэй болохгүй бол үндсэн парламентын мөн чанар алдагдаад байна, үүнийг баталгаажуулах хэрэгтэй гэсэн гол зарчим оруулсан байгаа.

Бид үүнтэй санал нэг байна. Хэрэв хэлэлцүүлэг явахад Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй, орон нутагт иргэдээс хэлэлцүүлэг аваагүй бол бид энэ хэлэлцүүлэгт орох боломжгүй. Харин зөвшилцсөний дараа нэгдмэл маягаар хэлэлцүүлэг хийгээд оролцоно гэвэл Ардчилсан намын гишүүд өөр өөрийн тойрог дээр ажиллаж, улс орныхоо хөгжлийн төлөө хэлэлцүүлэгт оролцоод явна.