ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Их хурд”-ын түрүүг “Ланд круйзер” автомашинаар байлж, унаач хүүхдэд нэг өрөө байр өглөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-20

“Монгол туургатны морины өв соёлын наадам” буюу “Их хурд-8" наадам Хүй долоон худагт зохион байгуулагдаж байгаа билээ. Шигшмэл хурдан хүлгүүдийн уралдаан өнөө жил бай шагнал өндөр гэдгээрээ онцлогтой болж байна.

Тодруулбал, Морин спорт уяачдын холбооноос энэ жил түрүүлсэн морьдын эзэнд “Ланд круйзер” автомашин, харин морийг нь унаж уралдуулсан хүүхдэд нэг өрөө байр өгөх шийдвэр гаргасан аж. Тэр ёсоор өнөөдөр өглөө 08.00 цагт  азарганы уралдаанаар эхэлж, Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарганы байнд “Ланд круйзер” автомашин бэлэглэжээ. Харин хурдан хүлгээ түрүүнд оруулж ирсэн хүүхэд нэг өрөө байртай болсон аж. Хүү 77 дугаартай уралдсан бөгөөд Төв аймгийн Зүүндэлгэр сумын хоёрдугаар ангийн сурагч н.Энхбаяр гэх сэргэлэн хүү ийнхүү хурдан хүлэг унасан хөдөлмөрөө анх удаа өндрөөр үнэлүүллээ.

Харин хоёроор Тод манлай уяач Д.Ононгийн хүү, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат О.Батбилэгийн халзан азарга хурдалсан. Мөн айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн хурдан бор азарга хурдалжээ. Шигшмэл хурдан морьдын уралдаан маргааш Их насны морьдын уралдаанаар үргэлжилнэ.