ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гүйцэтгэх эрх мэдлийн талаар хэлэлцүүлэг хийж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-22

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-аас зөвшилцлийн ажлын хэсэг гаргасан билээ. УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хамтатган хэлэлцэж, зөвшилцөх тус ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга ахлахаар болсон. Тэгвэл ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногт анхны хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө баталжээ. Улмаар өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Эхний хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэлжээ.

Тодруулбал, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Харин маргааш буюу мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ.

Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүд өрнүүлэх аж. Дээрх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулахаар болжээ.