ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ооркуудад боломж олгох “оорк” хууль

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-22

Соёлт нийгэм бий болоод хэдэн мянган жил болчихоод байхад л хаа таарсан газраа хогоо хаядаг, шүлс нусаа нийдэг, татсан тамхины ишээ хаа хамаагүй шидэлдэг, унасан машинаасаа ч долоон дор сэтгэхүйтэй хүн сүрэг оршин тогтносоор байна. Дэлхийн аль ч улс оронд энэ хүн сүрэг амьдарч байгаа ч Монголд хэтэрхий олуулаа байгаа гэж хэлчихвэл буруутан болчихгүй байх.

Найрлаж, наадамлаж амарчихаад идсэн уусан саваа байгальдаа хаячихаад явдаг бүдүүлэг сэтгэхүй магадгүй зөвхөн монгол хүмүүст л байдаг гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй. Байгаль эхийн гоо үзэсгэлэнгээр бахархах дуртай атлаа түүнийгээ бохирдуулдаг энэхүү зэрлэг хүн сүрэг нийслэл хотын өнгө үзэмжийг ч өдөр бүр үйлдлээрээ гутаах болов.

Тун саяхан нэгэн залуу “Дэлгэрэх” хотхоны шатны хонгилд жишим ч үгүй хүндээр бие засчихаад бөгсөө ч арчихгүй гарч одсон бичлэг соошл орчинд цацагдлаа. “Хүүхэд байрны хана руу бие засчихлаа” хэмээн цамцаар нь арчуулж байсныг эс тооцвол насанд хүрсэн хүн нийтийн орон сууцны давхарт хүндээр бие засаад сууж байна гэж хэний санаанд орох юм бэ. Гэвч тийм зүйл болохоор барах уу, эрүүл саруул, эрхтэн бүтэн, бүр болоогүй машин унасан нэгэн оорк ийм үйлдэл гаргасан нь соошл орчинд олны элэг доогийг барлаа.

8165.... улсын дугаартай приус маркийн автомашинтай энэ эр мэдээж өглөө үүрээр бие засах газар олдоогүй хэмээн биеэ өмгөөлөх нь мэдээж. Нийтийн бие засах газар нүдний гэм болсон гээд ийм үйлдэл гаргаж хэрхэвч болохгүй байх. Аргаа барлаа гэсэн ч орон сууцны давхарт арай ч ийм үйлдэл хийж хэрхэвч болохгүй. Тэрбээр нэр төрд халдсан хэмээн СӨХ-ны дарга нь торгуульж, харин бие зассан залуу 10 мянган төгрөгөөр л торгуулиад өнгөрчээ.

Цаашлаад нэгэн эмэгтэй мөн л бие засах газар олдоогүй гэдэг шалтгаанаар лифтэнд бие зассан бичлэг цацагдсан юм. Гэтэл юу болсон гээч. Өнөөх бие зассан эмэгтэй олон нийтийн сүлжээнд бичлэг цацаж, нэр хүндэд нь халдлаа хэмээн Зөрчлийн хуулиар нөгөө бичлэгийг цацсан СӨХ-ны ажилтныг цагдаад өгчээ. Цагдаа дээр маргаан очиход лифтэнд шээсэн нь бус бичлэг цацсан СӨХ-ны ажилтан буруудаж, 50.000 төгрөгөөр торгуулиад, бичлэгээ устгахаар болсон байгаа юм.

Бүр ажилтнаас 2.000.000 төгрөг нэхэмжилсэн гээд л бодчих. Ажилтанд ямар ч мөнгө байгаагүй учраас бичлэгээ устгаж, 50 мянган төгрөгийн торгууль төлж, уучлалт гуйгаад салжээ. Зөрчлийн хууль гэх зөрчилдөөнтэй, ооркуудыг хамгаалсан хуулийн үр дүн ингэж л гарч байна. Ямархуу тэнэг хууль баталснаа  манай эрх баригчид харин мэдэхгүй явж байгаа нь туйлын үнэн. Зөвхөн хэвлэл мэдээллээр өөрийгөө муулуулахгүй, хэвлэлийн "ам барих" гэж гаргасан дарангуйллын хууль нь ийм л үр дагавар авчрав. Энэ бол хамгийн энгийн жишээ. Цаашлаад, энэ хууль мөн л хүчирхийлэгчийг бүрэн дүүрэн хамгаалж байгаа нь худлаа биш. Саяхан нэг танил маань орон байранд нь хүчирхийлэл үйлдэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Гэтэл дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч цагийн дараа ирэхэд залуу хос эвлэрчихсэн, мөн ямар ч зодоон нүдээн болоогүй хэмээн мэдүүлсэн байгаа юм. Ингээд дуудлага өгсөн танил маань хуурамч дуудлага өгсөн асуудалд холбогдож, 500 мянган төгрөг төлөх асуудал үүссэн аж. Мэдээж нүдээр үзээгүй, цагдаа ирэхэд эвлэрчихсэн байсан учраас хуурамч дуудлага л болж хувирна. Ийнхүү маргаж, мэтгэлцсээр торгуулиа төлөхгүй өнгөрсөн ч байрны ховч, хамгийн адайр ааштай нэгэн болоод үлджээ.

Ийм л тэнэг хууль хүчирхийлэгч, бас бүдүүлэг үйлдэл гаргасан хүн бүхнийг хамгаалах, өмгөөлөх бамбай нь Зөрчлийн хууль болжээ. Олон нийтийн газар зохисгүй авир гаргасан хэн нэгний бичлэгийг өөр нэгэн тавьчихлаа гэхэд мөн л нэр хүндэд нь халдсан болж хувирна. Улмаар, хоёр сая төгрөгийн торгуульд унадаг болсон. Ийнхүү зэрлэг сэтгэхүйтэй, их хотын иргэн байх шалгуурыг огтхон ч давж чадахгүй байгаа хүн сүрэг Зөрчлийн хуулиар хамгаалуулчихаад юу дуртайгаа хийж болдог болох нь ээ.