О.Дөлгөөний ээж: Хүү минь амьдрахын төлөө тэмцсээр байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-23

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн гэх залуу өдгөө АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын нэгэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа билээ.

Залуу оны шилдэг тамирчнаар шалгарч, АНУ-д болж буй NBA-гийн хагас шигшээ тоглолтыг үзэхээр явсан ч элэгний маш хүнд В вирусаар өвчилж, мөн салхин цэцэг хавсарсныг мэдэхгүй явж байснаас үүдэн өвчин нь хүндэрч, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн юм. Хоёр ч удаа эмнэлгийн зүгээс хүүтэй нь салах ёс хийлгэсэн ч хүүгийн зүрх нь цохилсоор байгаа талаар О.Дөлгөөний ээж түүнд хандив цуглуулах гэж нээсэн албан ёсны хаягт бичжээ.

Тэрбээр, “Сайн байцгаана уу.Намайг Нямсүрэн гэдэг би Дөлгөөний ээж нь байна.Би одоо АНУ-ын Сан-франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөөнөөс бичиж сууна.Энд бид хүүгээ ээлжлэн сахиж байна.Эмч нар миний хүүгийн биeийн байдлыг маш хүнд гэж байгаа ба сэхээний тасгийн хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн нь.

Ухаан ороогүй байгаа ба салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байгаа тул бөөр, уушгины, амьсгалын аппаратад холбогдсон байгаа. 2019 оны зургадугаар сарын 27-нд аав ээж эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долдугаар сарын 10-нд гэнэт муудаж өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна.

Биe нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа эмч нар дуудан одоо найдваргүй боллоо гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна. Эмч нар бага зэрэг эeрэг үр дүн байгаа ч салхин цэцэг дотор эрхтэнүүдийг маш их гэмтээсэн ямар нэг мэс ажилбар хийх хэмжээнд биe нь очоогүй гэж байгаа.

Дархлаа нь нялх хүүхдийнх шиг хэмжээнд очиж багассан тул гадны халдвар авах эрсдэл өндөр гээд хамгаалах хэрэгсэл өмсч хүүгийн өрөөнд орж байгаа. Ямар нэг зураг бичлэг хийхгүй байхыг эмнэлгийн зүгээс анхааруулсан. Хүүгийн минь биe яаж ч мэдэх эгзэгтэй үeдээ байна. Нэг эeрэг үзүүлэлт гарч ирээд гэнэт муудаж биднийгээ сандаргаж байна. Уг нь би өдөр бүр биeийн байдлын талаар мэдээлж байхыг хүсэвч биeийнх нь тогтворгүй байдлаас болоод мэдээлэл өгч чадахгүй байгаад уучлаарай.

Өөрийн хүү, охин, ах эгч дүү найз нь өвдөж шаналж байгаа мэт бидний зовлонг ойлгон сэтгэл санаа хандиваар тусалж байгаа сайхан сэтгэлт монгол ахан дүүс та нартаа маш их баярлаж талархаж байна.Та найргүйгээр манай гэр бүл яах байсан юм бүү мэд.Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний монголын ард түмний ээж аав нарт бидэнд тохиолдсон зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна” хэмээжээ. Сайхан сэтгэлд монгол түмэн түүний төлөө өдөр бүхэн залбирч байгаа бөгөөд хандивын аян нь өрнөсөн хэвээр байна. Монголын сагсан бөмбөгчид 21 аймагт тэмцээн, нөхөрсөг тоглолт зохион байгуулж, олсон орлогоо түүний эмчилгээний зардалд хандивласаар байгаа юм.