ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Амгаланбаатар Б.Хурц нарыг шүүх хуралд оролцож байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-23

С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хороосон хэрэгт холбогдож, шүүхээс 25 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг зүй бусаар байцааж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдуулан Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд эхэлсэн билээ. Хаалттай үргэлжилсэн шүүх хуралд өглөө хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон.

Мөн Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ирсэн бөгөөд эдгээр есөн хүн 17 өмгөөлөгчтэй оролцсон юм. Тэгвэл шүүх хуралдааны үеэр сэжигтэн нарын өмгөөлөгч болох Г.Батбаяр “Эрүүдэн шүүсэн этгээд бол энэ хүмүүс биш. Харин хоёр ч хүн амины хэрэгт ял эдэлж буй Ц.Амгаланбаатар юм.

Тиймээс тэр хүнийг шүүхэд дуудан ирүүлж, байцаалт авах хэрэгтэй. Өөрийнхөө ёс бус үйлдэлд хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг гүтгэж болохгүй” хэмээн хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан үдээс хойш 14.00 цаг хүртэл хойшилсон.

Улмаар, цагдан хоригдож байсан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд авчирснаар шүүх хуралдаан эхэлжээ. Шүүх хурал нууцын зэрэглэлтэй буюу хаалттай болж байгаа юм. Өмгөөлөгч нарынх нь зүгээс энэ шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдэг хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй байна.