ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сөгнөгөрийн голоо аврах аянд нэгдэцгээе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-24

Өнгөрөгч амралтын өдрөөр ойрын хэдэн жил зүглээгүй Төв аймгийн Батсүмбэр сум, алдарт дуунд мөнхөрсөн Сөгнөгөрийн гол оров. Нэг үеийг бодвол зам харгуй нь сайжирч, төвлөрсөн хогийн цэг хэд хэдэн газарт байрлуулсан нь харагдана. Гэвч дуунд мөнхөрсөн Сөгнөгөрийн гол тун удахгүй Туулын эмгэнэлт жишээг давтахад бэлэн болжээ.

Соц нийгмийн үед аль л өнгөтэй өөдтэй, дарга цэрэг болон тэдний гэр бүлийн хүмүүсийн амарч тухалдаг амралт болж байсан Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Сөгнөгөр амралт” өдгөө нийтийн бие засах газар болон хувирч, адуу, үхэр халуунаас зугтан толгой хоргодох орон байр нь болжээ. Нэгэн цагт багачуудын баяр хөөр дүүрэн бялхаж, байсан амралт орчин цагт зөвхөн нийтийн бие засах газрын зориулалтаар ашиглагдаж байгааг харах юутай эмгэнэлтэй дүр төрх байсан гэж санана. Энэ амралтын газрыг төр нь ч болтугай анхаарч, эргэн сэргээж, сэлбэж болдоггүй хэрэг үү.

Ядахдаа л амарч зугаалах зориулалттай аялал жуулчлалын бүс болгон сэргээж, автомашины зогсоолтой, нийтийн бие засах газартай, худалдаа үйлчилгээний зориулалттай жижигхэн парк болгон хувиргаж болдоггүй юм болов уу гэх бодол тээж ирснээ ч нуух юун. Үүнд хэн анхаарал тавьдаг юм бол гэдэг асуултад хариулт нэхмээр байна. Хатуухан хэлэхэд, Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүсэд нүүрлээд буй гамшиг тэнд ч бий болчихсон байгааг харлаа.

Голын хөвөөнөөс тав алхаад л баас, шээс, иргэдийн амарч зугаалаад орхисон хог нүдэнд тусна. Цаашаа нэг км орчим алхахад нөгөөх орхигдож үлдсэн амралтын газрын буурьнаас тэр чигээрээ л нийтийн бие засах газрын эхүүн үнэр үнэртэх аж. Сөгнөгөрийн гол нь сумын төвөөс есөн км орчим шороон замаар яваад очдог. Энэ жилийн тухайд Горхи-Тэрэлж рүү явах зам засвартай байгаа учраас иргэдийн цуваа ч тасрахгүй байгаа гэнэ лээ. Өдөрт хамгийн багадаа л 500 машин Сөгнөгөрийн гол бараадаж байна. Амралтын өдрүүдээр энэ тоо хоёр дахин нэмэгддэг. Байгалийн өвөрмөц тогтоц, тайван амгалан орчинд усны чимээ сонсож, амрах гэсэн иргэдийн хөл цаашдаа ч нэмэгдэх нь тодорхой.

Тэндээс 50 хувь нь амралтын газарт очдог гэвэл үлдсэн нь голоо бараадан майхантай хонож, өнжих аж. Харин тэдгээр иргэдэд бие засах газар нэг ширхэг ч алга. Ядахдаа л орхигдсон амралтын газрын туурины хажууханд нэг ч болтугай нийтийн бие засах газар, төвлөрсөн хогийн цэг барьчихдаг бол хэчнээн сайхан билээ. Ийм зэргийн мөнгө хангалттай цуглардаг гэж найдаж байна. Учир нь Сөгнөгөрийн гол руу ороход мөнгө хураах хэсэг ажиллаж байв.

Тэнд нэг иргэнээс 2000 төгрөг, машин тус бүрээс мөн л 2000 төгрөг хураадаг. Нэг машинд дөрвөн насанд хүрсэн иргэн явж байлаа гэхэд 8000, машинаас нь 2000 нийтдээ 10 мянган төгрөг хурааж авна. Энэ тоог өдөрт хамгийн багадаа 100 машинаар тооцож, үржүүлэхэд сая төгрөг болно. Өдөртөө л сая төгрөгийн орлого олж байгаа нутгийн удирдлагууд, байгаль орчны хэлтэс нь яагаад иймхэн зүйлийг сэдэж болохгүй байна вэ. Яах вэ, та хогоо уутлаад ирээрэй хэмээн хогийн уут өгч харагдана билээ.

Гэвч тэнд ч бохироо хийгээд ирэхгүйгээс хойш Сөгнөгөрийн голоо бараадаад л иргэд ч бие засч, дуунд мөнхөрсөн гол нь тун удахгүй иргэдийн өтгөн, шингэнээр урсах эмгэнэлт дүр зураг харагдаж байх юм. Иргэдийн ухамсаргүй байдлын талаар ч энд дуугарахгүй өнгөрч боломгүй. “Хогоо уутлаад ирээрэй” хэмээн бэлэн уут өгөөд явуулж байхад, жишим ч үгүй овоолж орхиод явах аж. Уусан ундаа, архины сав, шилээ голын хөвөөнд орхичихоод явах дүр зургийг цөөнгүй олж харлаа. Шаардлага тавьсан иргэнийг бараг л барьж зодох нь холгүй аашилцгаах нийтлэг төрх тэнд ч бас байх юм. Төд удахгүй Сөгнөгөрийн гол ширгэж, харин дуу нь үлдэх вий гэсэн харуусал нэгхэн хонох зуур сэтгэл эмзэглүүлсэн учраас тэсэхгүй үзэг, цаас нийлүүлж суугаа минь энэ.

...Сөгнөгөрийн голын ус нь

Сэрүү татаад урсана даа хө

Сэргэлэн жаахан чи минь ээ хө

Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө... хэмээн бахархан дуулах атлаа хогоо урсгах сэтгэл таниас гарч байгаа бол бахархан дуулахын хэрэг юун билээ. Нутгаа гэсэн сэтгэл нутгийн удирдлагуудаас нь гармаар байна. Орчин тойрныг нь засч сэлбэн тохижуулж, амарч аялж буй иргэдэд шаардлага тавьдаг болъё. Хураасан мөнгөө илүү бодит зүйлд зарцуулж, Сөгнөгөрийн голоо аврах аянд нэгдэцгээе. Иргэн та ч бас хогоо хогийн саванд нь хийж, гол горхи, байгаль эх дэлхийгээ хайрлаж сурмаар байх юм.