Дэлхийн аваргад оролцох эрэгтэй баг Польш улсад бэлтгэлээ базаана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-01

Маргааш  Варшавт эхлэх “POLAND OPEN” буюу Вацлав Циолковскигийн нэрэмжит Олон улсын тэмцээнд дэлхийн аваргад зодоглох эрэгтэй баг оролцохоор Польшид очлоо.   . Багийн бүрэлдэхүүнд 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ З.Сумьяабазар, ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 92 кг-д ОУХМ Б.Нямбаяр, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, ОУХМ М.Лхагвагэрэл гэсэн 10 бөх барилдахаар болов. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хоолой нь өвдсөн, ОУХМ О.Үйтүмэн бага зэргийн бэртлийн улмаас Варшавын тэмцээнийг өнжиж байна. 

Тэмцээний дараа ДАШТ-д оролцох манай баг тамирчид тус улсад долоо хоногийн сэргэлтийн бэлтгэлд хамрагдахаар болжээ. Үүний дараа эрэгтэй баг Сочид ОХУ-ын шигшээ багтай, эмэгтэй баг Туркийн шигшээ багтай хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд наймдугаар сарын сүүлээр нутагтаа ирэх юм. Варшавын дэвжээнд зодоглох боломжгүй Э.Бэхбаяр, О.Үйтүмэн нар багтайгаа Сочид нэгдэж хамтарсан бэлтгэлд хамрагдана.