ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цагдаагийн албан хаагч И.Эрдэнэшагайн ар гэрийнхэнд 100 сая төгрөг олгохоор болжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зарим асуудлыг шийдлээ. Тухайлбал, албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдсан аврагч, албан хаагчдын эмчилгээний зардал болон ар гэрийнхэнд 100 сая төгрөг гаргаж өгөхөөр Засгийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.

Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болов. Талийгаач өнгөрсөн сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.