ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь батлагдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-12

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ жил шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь сэргээш илэрсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудлаар Баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлэл хийлээ. Мэдээллийг Бөхийн салбар хорооны дарга Билгүүн өгсөн юм. Тэрбээр "Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарим бөхчүүд допинг хэрэглэсэн гэсэн  мэдээлэл гарсан. Улмаар хэн байсан гэсэн нэр таах "уралдаан" ч өрнөлөө. Үндэсний баяр наадмын тухай хуулиар шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг болсныг та бүхэн мэдэж байгаа байх.  Сэргээшийн шинжилгээг журмын дагуу авсан.  Шинжилгээг Солонгос руу явуулж, шинжлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Допингийн эсрэг төвд хариу нь ирсэн.  

Шөвгөрсөн 16 бөхийн 14-өөс нь сэргээш илрээгүй. Харин хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн. Нэг бөхөөс нь дөрөв, нөгөө бөхөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. Бид наймдугаар сарын 8-ны өдөр хариуг авсан. Тэр өдрөө допинг илрээгүй бөхчүүдэд шинжилгээний хариуг хэрэглэсэн. Допинг хэрэглэсэн хоёр бөхийн утас  холбогдохгүй байсан. Тиймээс мессеж илгээж үлдээсэн.  Наймдугаар сарын 9-ний өдөр бид бичгээр хариуг нь гэрт нь хүргэж өгсөн.  

Сэргээш илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлахгүй байна гэсэн асуудал үүссэн. Энэ бол хувь хүний нууцтай холбоотой, журамтай. Тухайн бөх Б сорьцийн шинжилгээнд орсны дараа нэрийг нь зарлаж болно. Б сорьцийн шинжилгээг хувь хүн өөрөө зардал мөнгийг нь төлж, хийлгүүлдэг. Шинжилгээний хариу ирснээс хойш 10 хоногийн дотор Б сорьцийн шинжилгээг хийлгэдэг. Хоёр бөхөд танилцуулсан. Одоохондоо Б сорьцийн шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргаагүй байна.  Хүсэлтээ гаргаад Б сорьцийн шинжилгээгээ хийлгэж болно. Цаад хугацаа нь 19-ний өдөр гэсэн үг. Эсвэл шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөд, Б сорьцийн шинжилгээ хийлгэхгүй байж болно" хэмээн мэдэгдлээ.