ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Тост, Тосонбумбад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн зөвшөөрлийг өнөөдөр цуцал

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-12

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө. 

Тэрбээр "Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн телевизээр харсан байх, Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байна билээ. Тэд төрөөс юу ч гуйгаагүй. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэх гэсэн ард түмний санаа бодол. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм.  Ерөнхий сайдын хувиар би хоёр, гурван удаа энэ талаар үүрэг даалгавар өгсөн. Тэр газрыг ухаад байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөр хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн.  Яасан цадаж хандаггүй шунал вэ. Эх орны газар сэндийлээд, ард түмнийг уйлуулаад.  Хувьдаа ашиг олох гэж УИХ-ын гишүүн болдоггүй байх.

Энэ олигархууд албан тушаалтнуудын авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болж. ЦЕГ-ын дарга аа, ТЕГ-ын дарга аа. Та бүхэн хэлэлцүүлгийн үеэр иргэд юу ярьсныг сонссон байх.  Гурвантэс сумын иргэн Нямдаваа гэдэг хүн хэлж байсан. Энэ уул уурхайг зогсоохын төлөө явсны төлөө 3-5 саяар амыг нь барих гэж оролдсон гэж байна, тэр сумынх удирдлагууд. Улс орон даяар энэ асуудлыг ярилаа. Улаанбаатар хотод уулзалтад оролцохоор ирсэн 40 орчим хүнийг авлигдах гэж оролдсон гэж улс орон даяар, ил цагаан ярьж байна. Нүдэн дээр чинь хууль зөрчөөд, авлигын хэрэг болоод байхад яагаад шалгахгүй байна аа.  

"Саутгоби" гэдэг компани чинь бичиг баримт хуурамчаар үйлдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, тогтоол шийдвэр гаргах ёстой. Гэтэл хуралдуулахгүй албан тоот бичээд Байгаль орчны яам руу явуулчихсан. Яагаад энийг харахгүй байна аа, БОАЖ-ын сайд аа, Уул уурхайн сайд аа.  Шударга ёсыг тогтоох ёстой, Тост, Тосонбумбыг улсан тусгай хэрэгцээнд авах ёстой, Байгаль орчны сайд аа. Өнөөдөр та шийдвэрээ гаргаад, АМХГ нь Тост, Тосонбумбад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрхийг цуцал, мэдэв үү. Үүрэг өглөө шүү би. Аваачаад тавьчихсан байгаа машин техникийг журамла, цагдаагийн дарга, та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд авлига өгөх гээд байгаа сумын удирдлагуудыг шалга. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол ажлаа өг" хэмээлээ.