ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барина

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-13

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гурав хонот Өмнөговь аймагт ажилласан билээ. Энэ үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын суурь бүтцийн байдалтай танилцаж, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх эрх авч, үүрэг хүлээсэн Тавантолгой Төмөр зам ХХК-ийн ажилчидтай уулзалт хийжээ.  Өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51.8 хувьтай бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, хугацааны алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ. Цаг алдах тусам хүлээх хохирол нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байв.  Төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай аж. 

Монгол Улсын Засгийн газрын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх бодлогын нэн тэргүүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах зорилт тавигдаж байгаа юм.  Төмөр зам баригдснаар 1200 гаруй ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам долларын зардал дөрөв  дахин буурч 8 ам.доллар болохоос гадна, төмөр замаар жилд дангаар 30 сая/тонн хүртэл нүүрс экспортлодог болох юм юм байна. Мөн жилд Улсын төсөвт 20-28 сая хүртэл ам.долларын татвар төвлөрүүлж, Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлж нүүрс тээврийн зам дахь аваар осол бусад хүндрэлүүд бүрэн шийдвэрлэгдэж, уурхайн аман дээрээс тонн тутамд 74 ам.доллараар борлуулагдаж байгаа нүүрсний үнэ 120 ам.доллар, цаашилвал нэмүү өртөг шингээж тээвэрлэсэн тохиодолд 200-300 хүртэл ам.долларт хүрэх боломж бүрдэх ажээ.

Нэг л жишээ авахад төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн Эрдэнэс таван толгой компанийн борлуулалтын орлого гэхэд 1.9-өөс  5.1 их наяд болж,  цэвэр ашиг нь хоёр их наяд төгрөгт хүрч өнөөгийн түвшнээс даруй 2.7 дахин нэмэгдэх юм. Улмаар төмөр замаар Хятад Улсын нутаг, түүний далайн боомт, гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэх юм.  Иймд Монгол Улсын Засгийн газраас Төмөр зам барих ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг Эрдэнэс-Тавантолгой компанийн цэвэр ашиг орлогоор, 70 хувийг зээлээр санхүүжүүлэх зорилтыг тавьж буй. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулга хийж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ ЗГХЭГ-ын дарга хэлжээ.