ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Баатарбилэг: Боловсролын зээлийн сангаас зээл авсан 13 мянган хүний асуудлыг шийднэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-14

Засгийн газрын хуралдаан болж байгаа билээ. Энэ үеэр боловсролын салбарын хэд хэдэн асуудлыг ярилцсан байна. Энэ талаар салбарын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2004-2016 оны хооронд Боловсролын зээлийн сангаас зээл авч сургууль төгссөн, үүргээ амжилттай биелүүлсэн иргэдийн зээлийг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас шийдвэрлэлээ. Удахгүй дээд боловсролын хуулийн дагуу журмыг УИХ-д өргөн барина. Ингэснээр диплом нь барьцаалагдаад байж байгаа 13 мянган иргэний асуудал шийдэгдэх юм. Гэрээний үүргээ биелүүлсэн, ажлаа хийж байгаа, улс эх орондоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд дипломоо авна. 

2019 оны аравдугаар сард Эрматаж музейд байгаа Монголын түүхтэй холбоотой үзмэрээр үзэсгэлэн гаргахаар болсон. Энэ ажлын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Эрматеж музейд байгаа, тэр болгон олон нийтэд үзүүлдэггүй Монголын, "Алтан ордны түүхтэй холбоотой үзмэрийг дэлгэж үзүүлэхээр болсон.  "Дэлхийд тархсан монгол өв" хөтөлбөрийн  хүрээнд "Чингис хааны угсаанхны эрдэнэс" нэртэй үзэсгэлэн гаргахаар болж, зардлыг нь шийдвэрлэлээ" хэмээлээ. Түүний дараа сэтгүүлчдийн зарим асуултад хариулсан юм. 

-13 мянган иргэний сургалтын зардалд хэчнээн төгрөг зарцуулсан юм бол? 

-13 мянган иргэний диплом Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа. Тэдгээрийн нийт өртөг нь 16 тэрбум төгрөг.  Боловсролын зээлийн сан, сургалтын төрийн сан тухайн үед 3.5-аас дээш голч оноотой төгсвөл зээлээс бүрэн чөлөөлөхөөр гэрээ байгуулсан. Мөн төгсөөд төрд 5 жил ажиллах, нийгмийн даатгал 5 жил төлбөрөөс чөлөөлж байсан. 2008 оноос хойш энэ чөлөөлөлтийг хийгээгүй. Сүүлд УИХ-аар журмыг баталж байж төлбөрөөс чөлөөлдөг хууль гарсан. Одоо УИХ-аар журмыг батална. Улмаар дипломоо авна. Одоо иргэд дипломын нотариотаар батлуулсан хуулбараа л ажил олгогчид өгөөд, ажиллаж байгаа.  Гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүсийн сургалтын зээлийг чөлөөлж, дипломыг нь өгөх юм. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийн зээлийг чөлөөлөхгүй.