ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, нэмэгджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-15

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний долоон сарын статистик мэдээллийг гаргалаа. Тус хорооноос мэдээлж байгаагаар өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.4  мянган төгрөг буюу 18.4 хувиар өсчээ. Үүнд цалин хөлсний орлого 121.2,  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны 2 дугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.9  мянган төгрөг буюу 9.6 хувиар өссөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 2 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5  мянган төгрөг буюу 18.5 хувиар өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.9  мянган төгрөгөөр өссөн байна. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд,  2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 38.5, 300001-500000 төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурсан байна. Харин  1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 24.6, 2100001 төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна. 

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд,  2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8, 300001-500000 төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн зарлагатай өрх 20.7 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш зарлагатай өрх 46.3 мянгаар нэмэгдсэн байна.