ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 11 дэх чуулга уулзалт боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-18

Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 11 дэх удаагийн чуулга уулзалт боллоо. Уулзалтыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол Улсын Нийслэл болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын Буриад улсын Засгийн газар, ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Өвөр Монголын Худалдааг дэмжих холбоо, Эрээн хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулжээ. Энэ удаагийн чуулга уулзалт  "Гурван улсын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулан, шинэ эрин үеийг цогцлохын тулд нэг үзүүрт хүргэе" уриатайгаар энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо болсон ажээ. 

Чуулга уулзалтаар гурван улсын аж ахуй нэгжүүдийн уулзалт, чуулга уулзалтын нээлтийн ёслолын арга хэмжээ, гурван улсын эдийн засгийн коридор дагуух хотууд,  аж ахуй нэгжүүдийн төсөл танилцуулга, эдийн засгийн коридорын дагуух хотууд, аж ахуй нэгжүүд хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ болон гурван улсын аж ахуй нэгжүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.  

            Чуулга уулзалтын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсаас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Дорноговь, Дундговь, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч дарга нар болон бусад албаны төлөөллүүд оролцсон байна. Харин  ОХУ-аас Улаан-Үдэ хотын дарга И.А.Дашиневич, БНХАУ-аас ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Аи Лихуа, БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа ерөнхий консуль Цай вэн руй, Шилийн гол, Хөх хот, Бугат, Ордос, Улаанцав, Баяннуур болон бусад хот аймгийн төлөөллүүд оролцжээ. 

Албаны төлөөллүүдээс гадна гурван улсын аж ахуйн нэгжүүдийн уулзалтад Хятадын 10 гаран муж, хотуудын 20 гаруй компаний 66 төлөөлөгч, Монголын талаас 24 аж ахуйн нэгжийн төлөөлөгч, Оросын талаас 4 аж ахуйн нэгжийн төлөөлөгч нар оролцож, гурван улсын төлөөлөгчид өөр өөрийн төслүүдээ танилцууллаа.

            Чуулга уулзалтын үеэр гурван улсын эдийн засгийн коридорын дагуух хотууд, аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэх боломжит төслийг хоорондоо танилцуулж, гурван улсын эдийн засгийн коридорын дагуух хотууд, аж ахуй нэгжүүд хооронд нийт 9 тэрбум юаны хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Үүнд Дорноговь аймаг болон Замын-Үүд сум ӨМӨЗО-ны Эрээн хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээг тус тус байгуулж, гэрээнд орон нутгийн захиргаа хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг худалдааг сайжруулах зорилгоор хамтарсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын туршлага, салбарын төлөөллүүдийг харилцан туршлага солилцоог эрчимжүүлэх, төсөл арга хэмжээг сурталчлан ажиллахаар боллоо.

Чуулга уулзалтыг зохион байгуулснаар цаашид гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм.