“Челси” тэнцэж, энэ улирлын эхний оноогоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-19

Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд өчигдөр орой хоёр тоглолт боллоо. Эхний тойрогт “Улаан чөтгөрүүд”-д бутниргүүлсэн “Челси” клуб энэ удаад талбайдаа “Лестер”-ийг хүлээж авлаа. Брэндон Рожерсоор удирдуулсан “Үнэгнүүд”-ийг энэ улиралд тун ч сайн тоглоно гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа.

Тэд ч ямархуу довтолгоотой, хамгаалалттай вэ гэдгээ энэ удаад баталж, “Челси”-гийн талбайд 1:1-ээр тэнцэж чадлаа. Тоглолтын 7 дахь минутад “Лестер”-ийн хагас хамгаалагч Ндидигийн алдааг Маунт ашиглаж, гоолдсон. Ийнхүү “Челси” аль эрт тэргүүллийг авсан ч хоёрдугара хагаст “Лестер”-ийн шуургалсан довтолгоог зогсоож хүчирсэнгүй. 67 дахь минутад өнөөх Ндиди алдаагаа засаж, булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоолдсон юм. Энэ гоолоос хойш “Үнэгнүүд” маш олон боломж гаргасан ч ашиглаж чадаагүй юм.  Ийнхүү “Челси” шинэ улирлын эхний оноогоо авлаа. Харин “Лестер” хоёр тойрог дараалан тэнцэж, 2 оноотой болоод байна. 

Доод лигээс гарч ирсэн “Шеффилд Юнайтед” клуб энэ тойрогт талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр эхний хоёр тойрогт нэг хожиж, нэг тэнцсэн амжилттай, 4 оноотойгоор 7 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 47 дахь минутад Ландстрем гоолдож, багтаа ялалт авчирчээ.   

Доод лигээс гарч ирсэн гурван багаас эхний хоёр тойрогт “Астон Вилла” оноо авч чадсангүй. “Норвич”-ын хувьд нэг хожиж, нэг хожигдоод байна.

Н.Пунцагболд