ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аваргын асуудал дагуулсан “шээс”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-19

-Э.Оюунболд аваргаас сэргээш илэрсэн ч гүрийх арга руу шилжив үү-

Улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг болсон. Спортод шударга өрсөлдөөн чухал. Дэлхий дахинд ч спортоос сэргээшийн шинжилгээ авч, тамирчдыг шударгаар өрсөлдөх боломжийг хангаж өгдөг. Манай улс ч энэ жишгийг дагаж, үндэсний бөхөд шударгар өрсөлдөөнийг бий болгохын тулд сэргээштэй тэмцэж эхэлсэн. Гэвч бараг жил болгон хэн нэг бөхөөс сэргээш илэрч, хэрүүл, хараал хийдэг боллоо. Баяр наадмын бус үед шинжилгээ авахад, 4, 5-аараа бүдэрч ч байх шиг.  Энэ жил улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авахад, хоёроос нь хориотой эмийн бэлдмэл илэрсэн гэсэн мэдээлэл гараад байна. Тэр дундаа улсын наадамд түрүүлсэн залуу аварга Э.Оюунболд сэргээшийн асуудалд холбогдлоо.

Сэргээшийн шинжилгээний хариу иржээ гэсэн мэдээлэл гарахтай зэрэгцээд хоёр бөх допинг хэрэглэсэн гэх мэдээ гарсан. Улмаар Н.Батсуурь аваргаас эхлээд сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж, бусдыгаа ч гэсэн уриалсан. Бөхчүүд ээлж дараалан мэдэгдэл хийсэн ч Э.Оюунболд аварга л чимээгүй үлдэв.  Энэ хооронд “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүлдэг  МҮБХ-оос мэдэгдэл хийж, Э.Оюунболд аваргыг сэргээш хэрэглэсэн гэж зарлав. Бүр шаардлага хүргүүлж, цолыг нь хураахыг ч шаардсан юм.  Энэ бүхний эцэст Э.Оюунболд өөрөө ам нээж, мэдэгдэл хийлээ. Гэхдээ хоёр үзүүртэй зүү шиг л мэдэгдэл хийчихлээ.

Тэр өөрийнхөө амаар “Би сэргээш хэрэглээгүй” гэж хэлчихээд араас нь “Миний шээсийг сольсон” хэмээсэн нь хэргээ хүлээсэнтэй ялгаагүй үйлдэл болчихлоо. Залуу аварга сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн, тэр нь илэрсэн нь үнэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн нь энэ.  Түүний эцсийн арга нь гүрийх болж таарч байх шиг байна. “Миний шээсийг сольсон. Бүр улстөрчдийн зохион байгуулсан хэрэг” гэх утгатай мэдэгдэл хийж, бөхөө дээдэлдэг ард түмнийг талцуулж эхэллээ. Шинжилгээ өгсөн бөхчүүдийн хэн нэгнээс сэргээшийн шинжилгээ илрэх эсэхтэй УИХ-ын гишүүд хутгалдана ч гэж юу байх билээ.  Энэ жилийн наадмын өмнө л “Өнөө жилийн наадамд Хэнтийн бөх түрүүлнэ” гэсэн утгатай мэдээлэл соошл ертөнцөөр хөвөрсөн. Зарим нь бүр 2 тэрбум төгрөгийн ч асуудал байгаа талаар яриад байлаа. Энэ бүхнээс эхлэлтэй Хэнтийн бөхийн түрүү эцэстээ сэргээшийн асуудал болж хувирч байх шиг байна. 

Шинжилгээнд өгсөн шээсийг солих боломжтой юу

 Асуудал ид өрнөж байх хугацаанд Э.Оюунболд аварга дуугүй суусан. Эцэст нь гарч ирж мэдэгдэл хийхдээ ард түмнийг шээсний хэрүүлд л хутгалаа. “Аваргын шээс” ч том сэдэв болж байна даа. Монголчууд бөхөө дээдэлдэг, тэр дундаа залуу аваргаа дэмжиж байгаа олон хүн бий. Тиймдээ ч түүний шинжилгээнд өгсөн шээсийг хэн нэгэн нь сольсон, улстөрчдийн гар хөл орсон гэдэгт итгээд, хоёр  тал болон хэрэлдэж эхэллээ, цахим ертөнцөөр.  Яг үнэндээ шинжилгээнд өгч байгаа шээсийг солих боломжтой юу. Допингийн эсрэг үндэсний төвөөс ямар үе шаттайгаар сэргээшийн шинжилгээг авдаг болохыг дүрстэй мэдэгдэл хийж үзүүлсэн. Шинжилгээний саванд шээс хийсний дараа автоматаар лацаддаг. Лацыг нь хөндөх боломжгүй. Хэрвээ лац нь хөндөгдсөн байвал лаборатори шинжлэхгүй гэдгийг мэдэгдсэн. 

Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат “Допингийн шинжилгээ авах явц  олон улсын стандартын дагуу болдог учраас хэвлэл мэдээлэлд гараад байгаа  болон ам дамжсан яриа шиг шинжилгээний хариу солигддог, хуудуутай авдаг, авсан хариуг нь дардаг, дарсныгаа өөрчилдөг асуудал огт байхгүй. Тийм зүйл хийх нөхцөл, үндэслэл ч байхгүй. Шинжилгээ авч байгаа үйл явцыг 3-4 хүний гарын үсгээр батал­гаажуулдаг. Нэгдүгээрт, миний шинжилгээг үнэн авсан гэж өгч буй тамирчин өөрийн гарын үсгээ зурдаг. Хоёрдугаарт, шинжилгээг авч буй допингийн хяналтын ажилтан бас гарын үсэг зурна.  Гуравдугаарт, давхар хяналт тавьсан допингийн ажилтан бас гарын үсэг зурдаг юм.

Бүр шаардлагатай гэж үзвэл тамирчнаа дагаж ирсэн дасгалжуулагч давхар гарын үсэг зурна. 3-4 хүний гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн нэг хувь нь тамирчинд үлдэнэ. Нэг хувийг нь Дэлхийн допинг­ийн агентлаг руу явуулдаг. Бас нэг хувь “Допингийн төв”-д үлддэг бол өөр нэгийг лабораторид үлдээдэг. Допингийн шинжилгээ өгч байгаа хүний нэрийг саван дээр бичдэггүй, нууц кодтой байдаг. Тиймээс солих,  засуулах, даруулах ямар ч боломж байх­гүй” хэмээн ярьсан.  Ийм байхад шээс солигдсон байна гэж гүрийж байгаа бөхөд итгэх үү гэдэг нь бас л эргэлзээтэй.

Л.Чинбатын улайралдаа бөхчүүдийг хутгаж эхэллээ

Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй зэрэгцээд “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүлдэг МҮБХ-оо мэдэгдэл гаргаж, Э.Оюунболд аварга руу дайрсан. Сэргээш хэрэглэсэн нь үнэн, цолыг нь хураа, бусад бөхчүүдэд цол олго гэсэн шаардлага гаргаж ч байх шиг. Баяр наадмын комиссоос тэртээ тэргүй мэдээлэл хийж, хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдгийг хэлчихсэн. Б сорьцоо шинжлүүлсний дараа нэрийг нь зарлана гэсэн.  Тэд ном журмынхаа дагуу л ажиллана. Энэ бүхэн аль нэг бөхийн холбоонд нь ямар ч хамаагүй. Хамаатай байлаа ч гэсэн түрүүлж дуугарч, хэн нэгэн рүү дайрах ёсгүй. 

Тэр ч битгий хэл МҮБХ-ноос УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ шавь Э.Оюунболдыгоо дагуулаад Солонгос явсан, цусаа цэвэршүүлэх эмчилгээнд орох гэж байна. Ирээд Б сорьцын шинжилгээ өгөх гэж байгаа хэмээн мэдээлэл гаргаж ч байх шиг.  Ингэж хэтэрхий улайрч,туйлширч болохгүй ээ.  Хоёр холбооны хэрүүл, “яс” булаалдсан хэрүүлд бөхчүүдээ хутгах хэрэггүй. Тэр нь сэргээш хэрэглэсэн байсан ч тэдэнд падгүй. Баяр наадам зохион байгуулах хороо нь асуудлаа шийдээд, сэргээш хэрэглэсэн хүнийхээ нэрийг зарлаад, тооцох хариуцлага байвал тооцоод л явна. 

Энд бас нэг ойлгомжгүй зүйл байгаа. Э.Оюунболд аварга өөрөө ч, зарим хүмүүс ч Допингийн эсрэг үндэсний төвийнхөн будилуулсан. Шинжилгээнд будилаан орлоо, улстөрчид нөлөөлж байна гэсэн юм яриад байгаа. Гэтэл өнгөрсөн жил МҮБХ-оос Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн.  “УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон улсын наадмыг найраа хийж мөнгө босгодог ахмад бөхчүүд нийлж  өөрийн хамаарал бүхий “Допингийн Эсрэг Төв” ТББ гэгчээрээ өөрийнх нь фракцийн биш, үгэнд нь ордоггүй, найраанд ордоггүй, ид барилдах насан дээрээ яваа бөхчүүдийг допинг илэрсэн гэсэн худал дүгнэлт гаргуулж, нэр хүндэд нь халдаж, айлгаж, дарамталж байна. БНСУ руу явуулсан бөхчүүдийн шээс нь өөр хүний шээс болж, тэндээс ирсэн хариу энд зарласан хариу зөрөх тохиолдол гарах боллоо. Допингийн Эсрэг Төв” гэх нэртэй ТББ-ыг шударгаар барилдаж яваа, өөрийнх нь болон фракцийнх нь хууль бус ажиллагаанд оролцдоггүй, дэмждэггүй бөхчүүдийн эсрэг зэвсэг болгож болгож, сонгууль, улс төр хийх мөнгө босгох арга хэрэгсэл болгосон байна” гэсэн шаардлага.

Б.Бат-Эрдэнэ аваргын хамаарал бүхий Допингийн эсрэг үндэсний төв яагаад түүний шавь Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн болгож харагдуулна гэж. Шинжилгээнд өгсөн шээсийг нь солих уу. Энэ бүхнээс харахад, Допингийн эсрэг үндэсний төв хараат бусаар, шударга ажиллаж байгааг бага ч болов баталж болохоор. Нөгөө талаар Э.Оюунболд аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн нь ч үнэн болж таарч байх шиг. Б сорьцоо шинжлүүлэхээр болсон бол есдүгээр сараас хариу нь гарчих байх. Шинжлүүлээгүй бол Баяр наадмыг зохион байгуулах хороо маргааш, нөгөөдрөөс хоёр бөхийн нэрийг албан ёсоор зарлаж, хариуцлагаа тооцох учиртай.