ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Таван аймаг дамжиж урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа, бохирдуулж байгаа компанийн зөвшөөрлийг цуцал

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-19

Өнөөдөр Төрийн ордонд улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн юм.

Тэрбээр “Энэ өвөл их хүйтэрнэ. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтүүд их гарах бололтой. Тариа, будаагаа хөлдөөчихөлгүй хурааж аваарай. Энэ өвөл гурил, махны асуудалд онцгойлон анхаараарай. Би Ч.Улаан сайдад онцгойлон үүрэг даалгавар өгч байгаа.  Ирэх жил гурил, махны үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд толгойгоороо хариуцана шүү. Үүнийг би эртхэн хэлчихье. Эртхэн шиг арга хэмжээгээ авч, зохицуулалтаа хийгээрэй. Хөдөө аж ахуйн яамныхаан. Мал нядалгаа эхлэхээс өмнө хэллээ шүү. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй алдчихаад, янз бүрийн тайлбар хийгээд байх шаардлагагүй.

Бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Орон нутаг, улсын хэмжээний бүтээн байгуулалтуудад анхаар. Графикийн дагуу явах ёстой. Энэ ажлуудад анхаарах хэрэгтэй байна.  Аймаг орон нутгийн дарга нар бүгд ажилдаа эзэн байх хэрэгтэй. Сахилга бат, хариуцлага, дэг журмыг хангаж ажиллах хэрэгтэй байна. Энэ Засгийн газар хоёр л зорилго тавьж ажилласан. Түүнийг хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь та нар. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх. Төрийн албаны бүх шатанд сахилга бат, хариуцлагыг тогтоох. Хоёрдугаарт, улс орны унаж байгаа эдийн засгийг сэргээх, сэргэлтийг тогтоох. Ийм үндсэн хоёр зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн. Хоёр дахь нь хангагдаж, хэрэгжээд явж байна. Нэгдүгээр асуудалд бид онцгойлон анхаарах хэрэгтэй.

Нийгэмд шударга ёсыг тогтоох. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг өөрчилсөн. Олон асуудлыг ярьж шийдэж байна. Газрын баялгийг ухдаг, хуулийг уландаа гишгэдэг, ард түмнийг доромжилдог, эрх мэдлээ ашиглаж байгалийг баялгийг хууль бусаар ашиглаж байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй.  Би үүнийг олон удаа хэлж байгаа. Хүний, өөрийн намгүй хэлж байна. Төр засагт олигархууд орж ирснээр ажил гацдаг. Тэр олигархуудтай тэмц. Аймаг, орон нутгийнхаа олигархуудтай тэмц ээ. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй.  Олигархууд төрд орж ирснээс Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж би олон удаа хэлж байгаа.  Олигархуудын өмнө өвдөг сөгдөж болохгүй. Би шударгаар бизнес эрхэлж байгаа, баялаг бүтээгчдийг хэлээгүй байна.

Хууль бусаар ашиг олдог хүмүүсийн талаар ярьж байгаа шүү. Дээрээс нь эрх мэдэлтэй болчихсон. Тиймээс бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй. Бизнес хийдэг нь бизнесээ хий. Улстөрчид нь улстөрийн ажлаа хийх хэрэгтэй. Энэ хоёрыг салгаж байж төр ариусана. Аймаг, орон нутагт ч ялгаагүй. Үүнд манай дарга нар анхаарах цаг болсон. Тэр дундаа байгаль орчны асуудалд ихээхэн анхаар. Сая Тост, Тосонбумбыг юу болж байж эргүүлж авав. Тэнд хэд хэдэн компани газар ухах гээд  байж байгаа. Би тэр бүхний зөвшөөрлийг цуцал гэж хэлсэн. Юу болж байна. Сая цагдаагийн дарга яваад ирсэн. Газар дээр нь ажиллаад ирсэн. Сайн ажилласан байна билээ. Төрд төмөр нударга гэж байдаг юм шүү. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигархи бөхийдөг юм гэдгийг харуулах хэрэгтэй байна.  Монголын төрд энэ л дутагдаж байгаа. Үүнийг одоо хийж эхлэх цаг нь болсон. Харин битгий өвдөг сөгдөж, зориг шантарч, хэдэн халтар цаасанд худалдагдаарай.

Ам руу нь мөнгө чихээд болдог гэж ярьж байгаа хүн бий. Шүүх дээр очоод болдог гэж ярьж байна. Бүх шүүгч тийм биш ээ. Бүгдээрээ хонгилын шүүгчид биш. Одоо өөрчлөгдсөн. Хууль хяналтынхан гэмт хэрэгтэнтэй хатуу тэмц. Аймаг, орон нутгийн удирдлагууд ч гэсэн хатуу тэмц. Тэр Орхоны хөндийгөө хар. Архангайд яаж байна. Сэлэнгэ, Ерөөгөө хар. Заамарт “Эко Алтан заамар” гээд байж байгаа. Энэ бүхэнд аймаг, орон нутгийн удирдлагууд, салбар яамныхан арга хэмжээ ав. Тэр бүхнийг хаа, мэдэв үү. Гол мөрнийг чинь ширгээж дууслаа.  Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой.  Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг армиа хөдөлгө. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Гэтэл тэр гол мөрнийг чинь ширгээгээд дууслаа. Газар шороог чинь ухаад дуусч байна.

Таван аймгийн газар дамжиж урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа.  Тэр алтыг нь ухсан олигархууд баяжсан. Би хэллээ шүү, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Гутайн давааг хамгаал. “Эко Алтан заамар”-ыг ч шалга, арга хэмжээ ав.  Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоо.  Ажлаа хий, чадахгүй бол албан тушаалаа өг. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Дөрвөн сайд багтсан. Монгол Улсад олгогдсон бүх тусгай зөвшөөрлийг шалгах цаг болсон. Хэд нь хууль ёсных, хэд нь хууль бус юм. Энэ ажлыг хийх цаг болсон. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу. Эко системийг нурааж болохгүй. Эх оронд дайснууд байна. Энэ бол манай эко системийг нурааж, ард түмний мэдэлд байх газрыг хууль бусаар ухаж байгаа хүмүүс. Тэдэнтэй бид хуулийн дагуу тэмцэх хэрэгтэй. Дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай. 

Тост, Тосонбумбыг ухах гээд сумын удирдлагуудад нь авлига өгөх гэж оролдсон. Тэр хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн байх. ТЕГ-ын дарга ч гэсэн шалга. АТГ-ын даргыг дууд, манай өрөөнд. Нүдэн дээр чинь авлигын хэрэг үйлдэж байна. Шалга, илрүүл. Ямар албан тушаалтан байх нь хамаагүй. УИХ-ын гишүүн, сайд байна уу хамаагүй, гэмт хэрэг хийсэн л бол тэр хүн ялаа үүрэх ёстой. Би үүнийг олон удаа хэлсэн.  Хууль хэрэгжих бол төрийн үүрэг шүү” хэмээлээ.