ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шагнал горилсон зураачийн хийрхлийг “шаг”-лах цаг нь болсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-19

Усан дотор дөрвөн мөчөөрөө нэгэн зэрэг уран зураг зурж, хосгүй энэ авьяасаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн зураач, СТА Л.Өнөрчимэг өөрийн цахим хуудсаар дамжуулан ихэд улс төржих болов. Түүнийг эх орон элэг нэтгнийхээ нэрийг олон улсад гаргаж явсан гэдгээр нь монгол түмэн бахархаж хүндэлдэг байлаа. Байлаа гэсний учир гэвэл түүний сүүлийн үеийн тэмцлийн шалтгаан, тэмцэж байгаа хэлбэр, зорилго, аргачлал нэгэнт олны дүргүйцлийг хүргэж, түүнийг цахим орчноор “шизо”-той нэгэн хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй болов.

Эх орон газар шороондоо хайртай монгол иргэний хувиар үг хэлж байна уу гэтэл өөртөө гавьяа шагнал өгсөнгүй хэмээн төрийн өөдөөс гар зангидахад хүрсэн аж. МУГЖ цол тэмдгийг түүнд өгөөгүй учраас ийнхүү тэмцэж байна гэдгээ ч тэрбээр илэрхийлсэн. Гавъяатын цол өгсөнгүй хэмээн ундууцан төрийн тэргүүнээ “Халтмаагийн өмхий бацаан” хэмээн олны өмнө цоллож, өөрийгөө “харууллаа”. Бүр “би бол хатан хаан” хэмээн өөрийгөө өргөмжлөн ийнхүү төрийн тэргүүнээ доромжилж байгаа нь олонд таалагдсангүй.

Мэдээж авьяасаа үнэлүүлэх ёстой хүмүүсийн нэг мөн үү гэвэл тийм. Тийм ч учраас төр түүнд МУСТА цол  өгчээ. Түүний тэмцлүүдийг, ялангуяа сүүлийн үеийнхийг нь ажиглаад байхад дандаа “би” төвтэй байх. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Төрийн сүлдийг миний зурсан зургаар шинэчлэх ёстой” хэмээн шаардав. Энэ нь олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж асан авьяаслаг зураачийнх карьерыг бараг л үгүй хийж орхисон нь түүний хийсэн бичлэгийн доорх сэтгэгдлүүдээс илхэн.

Уг нь Монголын ард түмэн түүнийг эх орон, элэг нэгтнийхээ нэрийг дэлхийд дуурсгасан сайхан эмэгтэй, хосгүй авьяаслаг зураач гэдгээр нь хайрладаг билээ. Гэвч тэрбээр түмний хайр хүндэтгэлийг чамласан уу эсвэл зураачаас илүү улс төржсөн тэмцэгч байхыг илүүд үзсэн үү ямартай ч ээлж  дараалан шууд бичлэг хийж, үе үеийн төрийн тэргүүн рүү “дайрах” болов. Цол тэмдэгний төлөөх тэмцэл  нь яах вэ. Харин түшээдийн ажлыг би хийж байна хэмээн цээжээ дэлдэж, манай улсад ажиллаж амьдарч буй хятад иргэдийг хөөн гаргана хэмээн тэдний бичиг баримтыг хүртэл хурааж авсанаа гайхуулж буй нь хэрээс хэтэрсэн үйлдэл билээ. Хэн нэгний бичиг баримтыг шалгах, улмаар хураан авах эрх төр төлөөлсөн хуулийн байгууллагад л бий.

Түүнээс биш хэн нэгэн хийхрсэн этгээд дураараа хүний бичиг баримтыг хурааж авах эрхтэй баймааргүй. Эрхэм зураач ардчилал, анархизм хоёрыг ялгахгүй байх шиг. Ардчилал гэдэг үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болохоос биш өөрийнхөө эрх ашгийн төлөө хүслээ бусдад тулгах явдал огтоос биш. Ардчилал гэдэг хүний эрхийг дээдэлсэн нийгэм болохоос бус өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийн төлөө хэн нэгний эрхийг зөрчих биш. Гэтэл олны хайртай зураач Л.Өнөрчимэг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна гээд манай улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхэнд шууд халдаж, бүр бичиг баримтыг нь хүртэл дур зоргоороо хурааж авав.

Үүнийгээ ихэд бахархан нийтэд зарлаж байгаа нь бүр ч олон түмэнд таалагдсангүй. Тэр бүү хэл Монголд байгаа 50000 хятад иргэдийг би хөөж гаргая. Ингэхийн тулд мөнгө хэрэгтэй байгаа учраас мөнгө өг гэсэн утгатай пост бичив. Хүмүүсийг хятад иргэдийг хөөж гаргах тэмцэлд нэгдэхийг уриалж, энэ тэмцэлд шаардагдах зардлыг босгохын тулд хандив өгөхийг ч өөрийн цахим хуулсаар дамжуулан уриалсаар байгаа юм. Түүний тэмцэл нэртэй энэ хийрхлийг улс төрийн зорилгоор хэн нэгэн зохион байгуулалттай “ашиглаж” байна хэмээн хардах хүн ч цөөнгүй байна. Шагнал горилсон зураачийн хийрхэлд хязгаарлаж, шаг, мад тавихгүй бол хэн нэгэн дураараа дургиж болох юм байна гэсэн хандлага олон нийтэд төрөх вий.