ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Баатарбилэг: Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-20

БСШУС-ын яамнаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Хичээл эхэллээ” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд өнөөдөр тус яамны удирдлагууд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ хичээлийн жилээс ЕБС болон сургуулийгн өмнөх боловсролын сургалт сайжруулсан хөтөлбөрөөр явна гэдгийг салбарын сайд онцлов. Ингэснээр бага боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан хөтөлбөрөөр 755 болж буурсан байна. Тэгвэл суурь боловсролынх өмнөх жилүүдээс 8.7 хувиар, бүрэн дунд боловсролынх 9.2 хувиар тус тус буурчээ.

Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль ашиглалтад орно

Энэ хичээлийн жилд ЕБС-ийн хүүхдийн тоо 50 мянгаар, цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 15 мянгаар тус тус нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор шинээр цэцэрдэг, сургууль барих нь нэн тэргүүний асуудал болжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Энэ онд багтаад улсын хэмжээнд 48 сургууль, 93 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Харин хичээлийн шинэ жилээс өмнө буюу есдүгээр сарын 01 гэхэд 14 сургууль, 29 цэцэрлэг ашиглалтад орохоор бэлэн болоод байна. Үлдсэн сургууль, цэцэрлэгүүд 12 сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад орно” гэв. Мөн тэрбээр энэ хичээлийн жил их, дээд сургуулийн элсэгчдийн тоо өмнөх жилийнхээс 30 гаруй мянгаар бага болохыг онцлов. Өмнөх хичээлийн жилүүдэд 30-40 мянган элсэгч шинээр их, дээд сургуульд элсдэг байсан бол энэ жил 10 гаруй мянган элсэгч авсан байна. БСШУС-ын яамнаас их, дээд сургуулиудын тоог цөөлөх, улмаар нэгтгэх бодлогыг баримталж байгааг салбарын сайд онцлов. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Бид дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсролын тогтолцоотой болохын тулд цөөн тооны маш өндөр чанартай сургуультай байх ёстой. Тиймээс бид цаашид төрийн өмчит их, дээд сургуулиудыг нэгтгэж, нэг сургууль болгох бодлогыг баримталж байна. Сургуулиудын тоог цөөлөх бодлогыг цаашид хэрэгжүүлнэ” гэв. Энэ хичээлийн жилд эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын бүх сургууль эцэг, эх асран хамгаалагч, багш, сургуулийн гурвалсан гэрээ байгуулах юм байна. Энэхүү гурвалсан гэрээг ирэх есдүгээр сард багтаан байгуулна гэв. Энэ хичээлийн жилээс иргэний боловсролын хичээлийн хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж 1-5 дугаар ангид Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12 дугаар ангид Иргэний ёс зүйн хичээл нэртэйгээр, шинэчилсэн хөтөлбөрөөр орж эхэлж байгаа аж.

Бүх сурагч сурах бичгээ сургуулиас түрээслэнэ

Жил жилийн хичээлийн жилд сурах бичгийн хүртээмжийн асуудал шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тэгвэл жилээс энэ асуудал шийдэгджээ. Тодруулбал, БСШУС-ын яам Азийн хөгжлийн агентлагын тусламжтайгаар сурах бичгийн асуудлыг шийдсэн бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр бүх сурах бичгүүдийг сургуулиудад хүүхдийн тоогоор хуваарилан хүргүүлнэ гэдгийг салбарын сайд онцоллоо. Сурах бичгүүдийн хэвлэлтийн ажил ид явж байгаа бөгөөд хэвлэх ажил ийн оройтсон шалтгааныг Ё.Баатарбилэг сайд санхүүжүүлэгч талаас хэвлэх зөвшөөрлийг энэ сарын эхээр өгсөн учраас хэвлэлтийн ажил оройтож байгаа гэлээ. Мөн энэ хичээлийн жилээс улсын хэмжээнд зохион байгуулдаг 20 гаруй олимпиад байсныг цэгцэлж ес болгосон байна. Үүнтэй холбогдуулан аливаа нэрэмжит тэмцээн уралдаан, олимпиад зохион байгуулахыг хоригложээ. Сургалтын хөтөлбөрийг сайжруулан баталснаар багш нарын ачаалал буурч, хичээлийн агуулгын давхцал мөн төдий чинээ буурна гэдгийг онцоллоо. Сурагчдын амралтын хувьд нийслэлийн сургуулийн сурагчдын өвлийн амралт утааны улиралтай холбоотойгоор өмнөх жилийнхээс урт хугацаанд амрах бол орон нутгийн сургуулийн сурагчид мал төллөлтийн үеэр буюу хавар амрах юм байна. Харин зуны амралтын хувьд 2020 лны тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын 06-ны хооронд бүх ерөнхий боловсролын сургуулиуд амрах юм байна.

Барилгын ажлыг хугацаандаа барьж дуусгаагүй компаниудыг хар жагсаалтад оруулна

Шинээр барих сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг хариуцаж авсан компаниудын хариуцлагагүй байдлаас үүдэн боловсролын салбар тэр дундаа хүүхдүүд хохирдог. Тэгвэл энэ жилээс тендерт шалгарсан барилгын компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс хүлээж авсан ажлаа ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаанд нь дуусгаагүй компаниудыг хар жагсаалтад оруулна гэдгийг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр мэдээллээ. Он дамжин барилгын ажлыг гацаасан нэр бүхий компаниудын нэрийг гаргаж, хар жагсаалтад оруулахаар болжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн барилгыг найман жил гацаасан “Хөвсгөл геологи” ХХК хар жагсаалтад орохоор болсон байна. Хар жагсаалтад орсноор тухайн компани гурван жилийн турш аливаа үйлчилгээ эрхлэх, худалдан авалтад оролцох эрхгүй болох юм байна.