ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Цэрэнбат: Уул уурхайн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Ингэснээр Онон Балжин байгалийн цогцолборт газрын хилийн заагт, Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Увс аймгийн Ховд Бөхөн Мөрөн, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын заагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолбор газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан-Уул орчмын газрын хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын хилийн зурваст Ховд аймгийн Мянгат сумын хэсэг газрыг өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурван булаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур, Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Өндөр зэрэг газрыг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус тогтоолоо. Мөн Ерөнхий сайдын гаргасан уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй, явуулахдаа хууль зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Үүний дагуу 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

Тэрдундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ” гэв.