ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Хэрлэн: “Эко Алтан заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал ирээгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэн хэлэхдээ “Одоогийн байдлаар ашигт малтмалын 2900 орчим тусгай зөвшөөрөл  хүчин төгөлдөр байна. Эдгээрийн олгосон байдалд шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулагдсан. Бид холбогдох шүүлтийг хийж, тусгай зөвшөөрөл болгонд асуудлыг шийднэ” гэв. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Цагаан суваргыг төр авах ёстой, 50 хувийг нь авах бололцоотой талаар та хэлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Одоохондоо шийдгүй байна.

-“Сауд гоби коэл транс” компани байгаль орчинд хэр их хохирол учруулсан байдаг юм бол. Нөхөн сэргээлтийн асуудал яригдах уу?

-Мэдээж нөхөн сэргээлтийн асуудал яригдана. Хоёр талаас ажлын хэсэг байгуулагдаад хохирлын хэмжээг тогтооно. Үүнд БОАЖ-ын яам нэхэмжлэгчээр явах байх.

-Салхитын мөнгөний орд газартай холбоотой маргаан явж байгаа. Энэ ордын цаашдын ирээдүйг хэрхэн төлөвлөж байгаа вэ. Үйл ажиллагаа яаж явах вэ?

-Энэ ордын лиценз “Эрдэнэс Монгол” компанийн нэр дээр шилжсэн байгаа. Тэгэхээр энэ компани цаашид Салхитын мөнгөний ордод ашиглалт хийгээд явна.

-Мэргэжлийн хяналтаас “Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг танай газарт хүргүүлсэн. Яагаад өдийг хүртэл тусгай зөвшөөрлийг нь цуцлахгүй байгаа юм бэ?

-“Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал манайд ирээгүй. ТЭЗҮ-д нь тодотгол хийх дүгнэлт гарсан.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан аж ахуйн нэгжийн ажилчдын ажлын байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Цуцлагдаж байгаа лицензийн талбайд ажиллаж байсан иргэдийг ажлын байраар хангах асуудлаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажиллана.