ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Дуламдорж: Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-26

Халх голын дайны 80 жилийн түүхэн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд Монгол, ОХУ хамтран ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар БХЯ-ны дэд сайд, тус яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдоржоос тодрууллаа. 

-Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулж байгаа вэ? 

-Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Үндэсний хороо ажиллаж байгаа бол Орлогч даргаар Батлан хамгаалахын сайд ажиллаж байгаа. Хамгийн гол арга хэмжээ нь наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 3-ны хооронд болох бөгөөд наймдугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт хөшөөний нээлт, баярын хурал гэх мэт үйл ажиллагаа болно. Харин 27,28-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан, Халх гол суманд  үе шаттай үргэлжлэх юм. Мөн  Монгол болон  ОХУ-ын Батлан хамгаалахын яамд,  хоёр улсын Зэвсэгт хүчний  хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай 2019 сургуулилт болно. Энэ хүрээнд сургуулилт, хаалтыг Халх голын үйл ажиллагаатай уялдуулж байгаа.  Хоёр орны байлдааны буудлагатай сургуулилтын үеэр цэргийн албан хаагчид ёслолын жагсаал хийнэ. Мөн Халх гол суманд байгаа дурсгалт хөшөөнүүдэд цэцэг өргөх ёслол гэх мэт гол арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. Мөн Олон улсын  эрдэм шинжилгээний хурлыг наймдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

-ОХУ-аас 80 жилийн ойн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах вэ. Тухайн орноос хэр анхаарал хандуулж байна вэ? 

-Есдүгээр сарын 3-ны өдөр Халх гол суманд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины шийдвэрлэсэн найман сая ам.долларын өртөг бүхий бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаа болох юм. Мөн наймдугаар сарын 27,28-ны өдрүүдэд ОХУ-ын  Цэргийн дуу, бүжгийн чуулга 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  Сүхбаатарын талбай, Соёлын төв өргөөнд хоёр удаа тоглолтоо толилуулна. Харин 31-ны өдөр ОХУ-ын цэргийн алба хаагчид байлдааны онгоцтой  уран нислэгийн үзүүлбэр үзүүлэхээр болсон.  Ойн хүрээнд есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилж түүхэн баярт оролцоно. Тиймээс ОХУ-тай хамтарч Халх голын бүтээн байгуулалтаа нээх гэж байна. ОХУ-ын  Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Батлан хамгаалахын сайд ирэхээр яригдаж байгаа. Ийм системтэй ажлууд 26-аас ирэх сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

-ОХУ-тай Халх голын 80 жилийн ойг тэмдэглэж байна. Олон жилийн дипломат харилцааны түүхтэй Япон улс ямар байр суурьтай байдаг вэ? 

-Бид  хамтраад  үйл ажиллагаандаа оролцож байгаа учраас энэ дүгнэлтийг хэлэхэд арай эрт байна. Эрдэм шинжилгээний хуралд ямар байр суурь илэрхийлэхийг  сайн мэдэхгүй л байна. 

-Хүүхэд, залууст түүх дурсгалыг таниулах талаар ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бол?

-Наймдугаар сарын 22-ны өдөр Монгол цэргийн музей бие дааж “Бид мартахгүй” үзэсгэлэнг  албан ёсоор нээлээ.  Есдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх энэ үзэсгэлэнд  Халх голын дайны түүхэн сургамж ямар их үнэ цэнээр олдсон, Монгол Улс аюулгүй байдлаа хэрхэн хангаж байв, цаашид  ийм түүхэн гашуун сургамж бүү болоосой гэдгийг ойн хүрээнд болж буй бүхий  л үйл  ажиллагаагаар таниулж байгаа юм. Мөн хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран ажиллаж байгаа.

-Халх голын дайнд  оролцсон, одоо амьд сэрүүн байгаа хэчнээн хүн байдаг вэ. Тэд  ойн баярт оролцох уу?

-Өдгөө амьд сэрүүн таван хүн байгаа. Яг 1939 оны дайнд оролцож байсан гэсэн үг л дээ. Нэг хүн нь босох боломжгүй хэвтрийн, гурван хүн нь Халх гол суманд очиж оролцох боломжгүй, нэг хүн нь албан ёсоор оролцоно гэдгээ мэдэгдсэн. Үндэсний хороонд Халх голын  байлдаанд оролцсон түүхэн хүмүүст болон яг дайны үеэр төрсөн Монгол Улсын 20 баатрын үр хүүхдүүдэд хэрхэн анхаарал тавих талаар  яригдаж байгаа. 

-Байлдаан уу,  дайн уу,  тулгаралт байсан уу гэдэгт өнөөг хүртэл баримтууд тодорхой болоогүй. Эрдэм шинжилгээний  хурлаас гарч буй үр дүнг салбарын яам хэрхэн тодорхойлов? 

-Яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс 80 жилийн ойл бэлтгэх, зохион байгуулах Үндэсний хороотой хамтран ҮБХИС-ийн нөөц бололцоог ашиглаад Олон улсын эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулж байгаа. Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Япон улсын төлөөлөл оролцож байгаа юм. Бид эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулахад олон улсын,  ялангуяа ОХУ-аас оролцож байгаа цэргийн шинжлэх ухааны, Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн түүхийн хүрээний  хүмүүс маш сонирхолтой илтгэл тавилаа. Шинжлэх ухааны доктор, профессор Ш. Паламдорж гуайн илтгэлд “байлдааны ажиллагаа нь опирецийн урлаг тал руугаа байсан” гэдэг  сонирхолтой зүйлийг хэллээ. Гэхдээ  дайн байсан,  байлдаан байсан, зарим тохиолдолд зэвсэгт тэмцэл байсан гэдэг. Батлан хамгаалахын яам, Үндэсний хорооны зүгээс Халх голын байлдаан бол яах аргагүй дайн байсан. Тухайлбал, оролцсон 130 гаруй мянган хүн хоорондоо 55 мянга гаруй  зэвсгээр тулалдсан гэдэг.  Мөн  агаарын  тулаан гэж хэлдэг. Агаарын тулаан гэдэг нь Оросын талаас 500 гаруй,  Японы талаас 300 гаруй онгоц оролцсон, хуягт танк л гэхэд тал талаасаа  500 гаруй байсан  гэх мэтээр техник, оролцсон цэргийн хүн хүчний хувьд асар том дайн байсан гэх түүхэн вариантаар тодорхойлдог.  Мөн яах аргагүй дэлхийн  хоёрдугаар дайны урьтал нөхцөл байсан гэдгийг түүхчид тодорхойлсон. Өмнөх 75 жилийн ойн хүрээнд болж  байсан эрдэм шинжилгээний хурлаас 80 жилийн ой хүртэл түүхийн эргэн судлагдаагүй баримтыг  манай эрдэмтэд гаргаж тавьсан.