ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Доналд Трампын бага хүү Монголд аялаад нутаг буцлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-08-26

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бага хүү Доналд Трамп ЖР Монгол Улсад аялж байгаа тухай мэдээлэл цацагдсан билээ. Гэсэн ч энэ талаарх мэдээлэл нууцын зэрэглэлтэй байсан уу, үнэн үү, худлаа юу гэдэг нь мэдэгдэхгүй байсан юм.

Тэгвэл Доналд Трамп ЖР өнөөдөр өөрийн албан ёсны инстаграмм хуудсандаа аялалын зургуудаа оруулсан бөгөөд өөрийн хүү, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ач хүүтэй хамт Монгол Улсаар аялсан зургуудаа хуваалцжээ. Тэрбээр, “Хүү бид хоёр нүүдэлчин соёлын бэлэг тэмдэг гэрт амьдарч байгаад ирлээ. Монголчууд үнэхээр найрсаг зочломтгой хүмүүс юм. Монгол орон үнэхээр таалагдлаа. Ийм гайхалтай аяллын дараа эргээд хэвийн амьдралдаа орно гэдэг тиймхэн. Тун удахгүй илүү олон гоё зургийг оруулах болно. Гайхалтай дурсамжтай, адал явдалтай аялал боллоо” хэмээн бичжээ.

Түүнийг дагалдан АНУ-ын 10 гаруй аюулгүйн албаны болон хамгаалалтын ажилтан мөн хамт явсан бөгөөд манай талаас ч мөн албаны хүмүүс дагалдсан аж. Тэрбээр, Баян-Өлгий аймаг Алтай таван богдод аялал хийгээд нутаг буцжээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн хүүд аяллын хөтчөөр ажилласан компанийн ажилтан өөрийн нүүр номондоо энэ тухай мэдээллийг оруулсан байна. Тэрбээр, “Donald Trump-ын хүү Donald Trump JR нь манай компанийн шугамаар Монгол улсад 10 хоног айлчлал хийж, сэтгэл хангалуун нутаг буцлаа. Аяллын үеэр Алтайн өндөр уулс болон малчин айлд зочлон нүүдэлчин соёл, Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцлаа.

Өөрийн гэртээ дагуулан очиход ээж минь өөрийн чанасан халуун цай, үндэсний хоолоор дайлсан бол аав минь үндэсний дээл ташуураа бэлэглэлээ. Бага Donald Trump JR нь аавын минь өгсөн бэлгийг маш ихээр сонирхон, аяллын турш өөрийн биенээсээ салгаагүй нь ихэд таалагджээ гэх бодлыг төрүүлсэн юм. Том улсын Ерөнхийлөгчийн хүүг дагуулан Монгол орноо танилцуулж байгаад минь аав минь ихэд урамшин духан дээр минь үнэсэхэд, надад үнэхээр өөртөө бахархах сэтгэл төрж байснаа нуух юун.

Аюулгүй байдлын үүднээс аяллын мэдээлэл нууц байсан бөгөөд Donald Trump JR нь өнөөдрөөс эхлэн өөрийн сая сая хүн дагадаг Инстаграмм хуудсандаа Монголоор аялж буй зургуудаа тавьж эхэлсэн нь Монгол орноо дэлхий дахинаа сурталчлах бас нэгэн боломж гэж харагдаж байгаа нь цаашдын нүүдэлчин ахуйг дэлхийд таниулж, Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү аяллыг зохион байгуулахад тусалсан бүх хүмүүст туйлын ихээр баярлалаа. Бид хамтдаа Монгол улсынхаа аялал жуулчлалыг дэлхийн тавцанд сурталчилж чадах болно.

Дэлхийн том улсын Ерөнхийлөгч, тэрбумтны хүү хэдий ч маш энгийн, тооноос гоожих усны дуслыг хамтдаа янзалж, бүх зүйлийг найрсгаар хүлээж авч байсан юм. Залуучууд бид нар ажиллаж буй салбар болгондоо тэргүүлэгч нь байж, хичээн ажиллаваас амжилт биднийг үүрд дагах болно” хэмээн бичжээ.