ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Техникийн саатал үүсч хуралдаан дахин хойшиллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-08-28

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх учиртай УИХ-ын чуулган гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хоёр хоног хойшилсон билээ. Өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар тов зарласан ч 13.00 цаг өнгөрч эхэлсэн юм. Улмаар, 60 орчим гишүүд ирсэн учраас хэлэлцүүлгийг эхлүүлж, Зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгээс гаргасан санал дүгнэлтийг танилцуулав.

Санал дүгнэлтийн дараа гишүүд үг хэлэх болсон ч техникийн асуудал үүсч, бүх гишүүдийн микрофон ажиллахгүй болжээ. Үүнээс болж, чуулганы танхимд багахан маргаан үүслээ. УИХ-ын дарга “Дөнгөж ирцээ бүрдүүлээд хурал эхлэх гэхээр ийм асуудал үүслээ. Хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм уу.

Ард түмэн баялагтаа эзэн байхыг хүсч байна. Шударга ёсыг хүсч байна. Ирцээ бүрдүүлж асуудлаа хэлэлцье” гэв. Харин үүнд нь эрх баригч намын гишүүн Ц.Даваасүрэн бухимдаж “Ард түмний нэр барьж худлаа ярьдгаа боль. Тэнгэр бурхан хүртэл цаанаас зохицуулаад хэлэлцүүлэхгүй гээд байгаа юм биш үү. Техникийн асуудлаа зохицуул” хэмээн бухимдав. Мөн сөрөг хүчний гишүүн Б.Пүрэвдорж эрх баригч намыг ирцээ бүрдүүл хэмээн шахаж байлаа. Улмаар хуралдаан түр хугацаанд завсарлаж, техникийн асуудлаа засаад дахин хуралдахаар болов.

Хуралдаанаас гарч ирсэн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ирцээ эрх баригч нам бүрдүүлэх ёстой. Бид зөвшилцлийн ширээний ард суусан. Өөрсдийн зүгээс санал бодлоо ч хэлж, саналаа хүргүүлсэн. Гэвч эрх баригч нам хүч түрж асуудалд хандаж байгаа. Гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгаад хэлэлцээд явах ёстой. Гэтэл тэгэхийг хүсэхгүй байна шүү дээ. Энэ мэтээр хэтэрхий хүч түрж байгаа учраас бид зохих ёсны шаардлагаа тавиад явна. Хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн саналаа хэлнэ. Цаашдаа энэ гацаа хэдий болтол үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм. Эрх баригч нам хариуцлагатай баймаар байна” гэлээ.