ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Лхагвадулам: Эрсдэлтэй 26 цэцэрлэгийн тусгай эрхийг цуцлах хүсэлт гаргасан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-29

НМХГ-аас боловсролын байгууллагад хичээл, сургалтын өмнөх бэлтгэл ажилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн аж. Энэ талаар тус газрын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадуламаас тодрууллаа. 

-Зарим сургууль, цэцэр­лэгүүдэд хийсэн хяналт шал­галтын талаар мэдээ­лэл өгөөч? 
-Боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэг­жилтийг хангах,  нийтлэг зөрчил дутагдлыг бууруулах, 2019-2020 оны хичээлийн шинэ жилд  сургууль, цэцэрлэгүүд  бэлэн эсэхэд хяналт шалгалт хийсэн. Үүнд СӨБ, ЕБС, Их дээд сургууль зэрэг  199 боловсролын байгууллагыг хамрууллаа. Хяналт шалгалтаар сургуулийн  гадна, дотно орчин, дотоод хяналт, багшлах бүрэлдэхүүн, хөтөлбөр төлөвлөгөөг хянаж үзсэн. Өнөөдрийн  байдлаар шалгалт 45.8 хувьтай явагдаж байгаа бөгөөд боловсролын салбарт нийтлэг илэрч буй зарим нэг зөрчлүүдийг олон нийтэд танилцуулах юм.

-Тухайлбал, төрийн болон  хувийн  хэвшлийн цэцэрлэгт ямар ноцтой зөрчил илэрсэн бэ?
-СӨБ-аас илэрч буй зөрчлүүдээс 121, 263, 264, 34, 66, 100, 114 дүгээр цэцэрлэгүүд сургалтын ажил  эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн,  өөрсдөө анги бүлгийн тоог нэмэгдүүлсэн боловч,  холбогдох газарт нь бүртгүүлээгүй, хаягийн зөрчилтэй гэх мэт зөрчил гарсан. Шалгалтын явцад олон цэцэрлэг  нэг багшид  ноогдох хүүхдийг  тоог хэтрүүлж  55-60 байсан нь хүүхдийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд сурч хүмүүжих нөхцлийг хааж байгаа. Мөн сургалтын гаднах орчин хангалттай бус, цахилгааны утас ил, засвар хийгдсэн барилгын хог хаягдлыг зайлуулаагүй, хүүх­дийн  аюулгүй орчинг  бүрдүү­лээгүй, сур­гал­тын хэрэг­лэгдэхүүн болох  тог­лоомын талбай, тур­шилтын талбайн үйл ажил­­лагааг стандартын дагуу хангаагүй 255, 51, 54, 248, 111, 59, 5, 3, 50, 263 дугаар цэцэрлэгүүдийг дурдаж болно. Мөн зарим цэцэрлэгүүдэд хүүхдүүд ашиглах сургалтын зүйлүүд хүрэлцээгүй байсан. 

-Сургуулийн тухайд ямар зөрчил байв. Жилийн жилд  сургуулийн засвар,  тохижилт  дуусаагүй гэдэг асуудал үүсдэг?  
-Бид барилга байгууламж нь сургалтын үйл ажиллагааг хангаж байгаа эсэхэд нэмэлтээр шалгалт хийсэн. Тэдгээрийн зарим сургууль цэцэрлэгийг хэлэх нь зүйтай байх. 126 дугаар сургуулийн барилгыг 2017 онд улсын комисст хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан боловч газрын маргаан,  зураг төсвийн өөрчлөлт, төсөв санхүүжилт суугаагүй зэргээр долоон жил энэ барилга царцсан. Одоо болтол үргэлжилж байгаа.  90 хувийн гүйцэтгэлтэй боловч энэ намар хүүхэд хүлээн авах боломжгүй байгаа юм. Мөн ЕБ-ын дөрөвдүгээр  сургуулийн хөл бөмбөгийн талбай, сургалтын гадаад орчны аюулгүй байдал хангагдаагүй, шон ганхсан,  71 дүгээр сургуулийн ширээ сандал дутуу, 58 дугаар сургуулийн дээврийн засвар ердөө л 15 хувьтай гэх мэт зөрчлүүд гарсан. 

-Спорт заалгүй сургууль байгаа тухай өмнөх мэдээ­лэлд дурдсан шүү дээ. Хүүхэд эрүүл чийрэг өсч, хөгжихөд  биеийн тамираар хичээллэх заал  чухал. Тэгвэл нийслэлийн хэмжээнд спорт заалгүй хэчнээн сургууль байгаа вэ? 
-Сургуулийн гол танхим бол спорт зал байдаг. Хүүхэд хөгжүүлэх үндсэн цөм нь биеийн тамирын заал,  дуу хөгжмийн танхим байдаг.  Удирдамжинд  заасан буюу шалгасан  сургуулийн хувьд хоёр нь спорт заалгүй байна. Төрийн өмчийн  сургуулиас дурдахад,   Кембриджийн хөтөлбөртэй “Шинэ эхлэл” сургуулийг нэрлэж болно.  Заалгүй учраас “Шинэ эрин” дунд сургууль руу хүүхдүүдээ автобусаар зөөж байж биеийн тамирын хичээлийг орж байна. Гаднаа ч биеийн тамирын орчин, талбай байхгүй.  Харин  хувийн сургуулийн хувьд 22  сургууль спорт заалгүй байсан. 

-Хувийн хэвшлийн 22 сургууль спорт заалгүй гэж байна. Маш их хэмжээний төлбөр авдаг хэрнээ спорт заалыг бий болгоогүй тэдгээр сургуулиудад ямар арга хэмжээ авч байгаа вэ? 
-Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл цуцлагдах үндсэн үзүүлэлт байдаг. Биеийн тамирын хичээл гэдэг бол стандартад  заасан заавал судлах ёстой хичээлийн нэг шүү дээ. Үүнийг хангаж ажиллах талаар сүүлийн гурван жил эрчимжүүлж, нийтдээ төрийн бус өмчийн 38 сургууль байсныг бууруулсан. Мөн  цаашид “сургалтын бай­раа зориулалтын болго” гэдэг шаардлагыг барилгын бай­цаагч нартай хамтарч акт, албан шаардлагаар хүргүүллээ. 

-Энэ хичээлийн жилд тусгай эрх нь  цуцлагдах хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг байгаа юу? 
-Энэ хавар хийгдсэн төлөв­лөгөөт хяналт шалгалтаар 26  цэцэрлэгийн нэрийг Нийс­лэлийн боловсролын газарт хүр­гүүл­сэн. “Эдгээр цэцэр­лэгүүд их эрсдэлтэй байна. Тий­мээс цуцална уу” гэдэг санал хүргүүлсэн. Өнгөрсөн  долоо хоногт авсан мэдээллээр “цуцлах саналын хүргүүлж байна” гэсэн мэдээлэл байгаа. Харин сургуулийн тухайд, хоёр сургуулийг цуцлах санал  хүргүүлсэн.