ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ухаангүй” ноён

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-30

Монголын дипломатууд хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн хэрэг шил дараалан гараад буй. Улс орныхоо нэр төрийг өндөрт өргөж явах учиртай эрхмүүд ийнхүү дипломат нэр өвөрлөн эх орныхоо нэрийг хилийн чанадад хөөтэй хутгаад буй. Тэгвэл салбар хариуцсан сайд Д.Цогтбаатар саяхан “Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа хүмүүсийг гишгэх газаргүй болгоно” хэмээн сүржин мэдээлэл хийжээ.

Хатуу чанга хуультай харь улсад ноцтой гэмт хэрэг үйлдсэн тэд тэртээ тэргүй л гишгэх газаргүй болсон. Бас энэ хэрэгтэй холбоотойгоор 60 орчим хүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлтээ өгөөд байгаа гэнэ. Тэр  бүү хэл 5-6 хүнийг дипломат албанаас эргүүлэн татсан хэмээн даналзав. Гэвч сайдын энэ данайлт ниргэсэн хойно нь хашгирав гэдгийн сонгодог жишээ боллоо. Бахархалтайгаар зарлаад байгаа шалгалт, хяналтаа тэрбээр Монгол Улсын нэр хүндийг хилийн чандад хөөтэй хутгахаас өмнө л хийх байлаа уг нь. Ухаангүй ноёны урагшгүй албат гэдэг энэ.

Түүний урагшгүй албатууд төрийн нэр хүндтэй албан тушаалыг гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгон ашиглав. Дипломат дугаартай машинаар их хэмжээний хар тамхи тээвэрлэлээ. Харин салбарын ноёны назгайрал улсын нэр хүндийг унагахад хүргэв. Гэтэл урагшгүй албатуудаа гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө бус болоод өнгөрсний дараа шалгана гэдгээ тунхаглаж байх. Таны хожимдсон энэ гэмшил цагаа олоогүй ухаарал байлаа Д.Цогтбаатар сайд аа. Сэргийлэх шалгалтаа арай л эрт хийх байж.