ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Шөнөжин бааранд ажил, амьдралаа өнгөрүүлдэг юм уу

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-30

УИХ-ын ээлжит бус чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар Түр хороо байгуулахтай холбоотой “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Их хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах Түр хороо байгуулах санал тавьбал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэсэн заалтыг оруулах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна. 

Д.Лүндээжанцан: Хуулийн биелэлттэй холбоотой нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар 19-өөс дээш гишүүн Түр хороо байгуулах асуудал тавьбал заавал цөөнхийг оролцуулан байгуулна. Гэрч дуудах нотлох баримт зэрэг зүйлүүдийг хассан. Гэхдээ ерөнхий юм нь үлдсэн байгаа. 

Ц.Даваасүрэн: Хэрэгтэй заалтуудаа авч хаяад байвал Үндсэн хуулийг хөндөх хэрэггүй. Түр хороо шинжээч дуудах, тайлбар мэдүүлэг авах эрхгүй байх юм бол зүгээр л нэг тунхагийн шинжтэй болно. Тиймээс Үндсэн хуульд оруулж байгаа зүйлс тодорхой байх ёстой. Гол зүйлийг нь аваад хаячихвал Түр хороо байх ямар ч хэрэггүй. Хэрэгтэй зүйлийг нь аваад хаячихаад байгаа болохоор би энэ өөрчлөлтөд итгэл үнэмшилгүй болоод байгаа. 

Д.Хаянхярваа: Шинжээч томилох гэрч дуудах зэргийг эсэргүүцэж байгаа. Бид зөвхөн хууль хяналтын байгууллага яагаад үүргээ биелүүлэхгүй байна вэ гэдгийг л ярих ёстой. Шударга шүүхтэй байж л шударга ёс бий болно. Ингэхийн тулд хараат бус шүүх байгууллагатай байх ёстой. Аль болох хуулийн сайн засаглалтай орнуудын сайн туршлагыг л оруулах нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол асуудал. Түр хороо тайлбар авах, гэрч дуудах эрхтэй байгааг эсэргүүцээд байгаа шалгаан нь улс төрийн төлөвшил сул байгаа үед цэгийн чинээ хар юмын уулын чинээ болгох эрсдэлтэй. 

Ж.Мөнхбат: Цөөнхийн төлөөллийг заавал оролцуулна гэдэг нь маш зөв. 

Ц.Нямдорж: Н.Номтойбаяр ганц удаа сонгогдоод сайд болсон. О.Содбилэг хаачсан юм. Аав, ээж нь гишүүн байсан. Монголын төр энэ гэр бүлд их зүйл өгсөн. Эд нар хаачив. Залуучууд та нар албан тушаал болохоор би гэж давхидаг байж яагаад улс орны чухал асуудал ярьж байхад ирдэггүй юм. Зарим нь бүтэн гурван жил унтлаа. Болоо юм биш үү. Л.Ганболд гишүүн Үндсэн хуулийн асуудал хэлэлцэнэ гэдгийг нь мэдсээр байж, онгоцонд суугаад явчихсан. Д.Лүндээжанцан бид хоёрыг янз бүрээр нь нь хэлж байна. Энэ нөхдүүдээс болж бид О.Баасанхүүд өдөр бүр бичлэг хийлгэж, Б.Пүрэвдоржид өдөр болгон загнуулж байна. Зөв шүү дээ. Хүний өмнөөс ичих шиг муухай зүйл байдаггүй юм байна. 30 жилийн хугацаанд МАН ийм замбараагүй байсныг мэдэхгүй юм байна. Энэ баян тарган гишүүдээ дууд. Өөрсдийнх нь хөдөлмөрлөж олсон хөрөнгө биш гэдгийг би гадарлана. Хөгшин гэж ад үзээд байгаа бид нар явна аа. Биднийг явсны дараа яаж төр барих гэж байгаа юм. Унтаад байх юм. Шөнөжин бааранд ажил амьдралаа өнгөрүүлдэг юм уу. 

..Ингээд уг заалтыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад уг саналыг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.