ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмират хүүхнүүдэд яаж хэрэлддэгийг үзүүлье

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-02

Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн болох нэгэн эмэгтэй нөхрөө хэт халамжтай учраас салахаар шийдэж, өргөдөл гаргажээ. Өргөдөлдөө тэрбээр нөхрийнхөө хайр халамжаас залхсан. Нэг ч удаа муухай харж, хэрэлдэж үзээгүй, хоол цэвэрлэгээ гээд гэрийн ажлыг сайн дураараа хийдэг. Өөрийг нь нэг ч удаа уурлуулаагүй хэмээн дурьджээ. Эмэгтэйн хүсэл нь хэрэлдэж үзэх. Гэвч яаж ч өдсөн нөхөр нь уурлаж хэрэлдэлгүй, уурлахаар нь бэлэг өгч аргаддаг учраас салахаар шийдсэн гэнэ ээ. Зөв, тэр нөхөр нь гэж яасан ч дүйнгэ нөхөр байдаг юм, сэгсийтэл хэрэлдээд, болохгүй бол алгадаад хаях хэрэгтэй. Эмиратын залуучууд үлгэр жишээ нөхөр байна гээд тэнэгтээд байвал Монголд хүрээд ир.

Та нараар хэрүүл өдүүлээд сууж байдаг залхуу хүн Монголд бараг байхгүй. Ихэнх нь ажлаасаа жаахан оройтсон, найзуудтайгаа, ажлынхантайгаа ганц нэг гадуур гарч, чөлөөт цагаа өнгөрүүлсний төлөө л шууд загнана. Гэртээ харих зам зуур чинь 10, 20 залгаж хэрэлдэнэ. Гэртээ очсоны чинь дараа ч хэрүүл нэхнэ. Өөдөөс чинь мөчөөгөө өгөхгүй хэрэлдээд, жаахан ширүүсвэл шууд алгадаад, түлхээд унагачихна. Цус нөжтэй чинь холино. Хоол хийх, хог асгахыг хийморийн сулралд оруулах аюултай хор гэж үздэг учраас өмнөөс чинь гал тогоотой зууралдахгүй.

Тэжээвэр сэтгэлгээнээсээ гараагүй. Ийм залуучууд Монголоор дүүрэн байгаа. Та нар мөнгөө аваад л хүрээд ир, хүссэн болгоныг чинь өгье. Харин дараа нь хэрэлдэх, бүх ажлыг хийх, хардуулах, зодуулах чинь онцгой юм байна, эх орон руугаа буцлаа гээд гон гон хийгээд байв. Манай Монголын эмэгтэйчүүдийн цөөнгүй хувь нь хардуулаад, хэрэлдээд, зодолдоод тэсээд, чадаад байгаа шүү. Хэзээ ч та нар шиг халамжуулсныхаа төлөө битгий хэл цусаа гоожтол зодуулаад, тархи толгойгоо хагалуулчихаад салах өргөдөл гаргаж үзээгүй юм.  Тиймээс хэрэлдэх хүсэлтэй байгаад Монголд ирэхээр бол манай эмэгтэйчүүдийг дасгалжуулагчаар ажиллуулаарай, Эмират хүүхнүүд ээ.