ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-03

Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав. Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрж байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн зэсгийн хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.