ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАСС: В.Путины Монголд хийсэн айлчлал ОХУ-ын Ази дахь нөлөөг харуулах зорилготой

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-05

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд В.Путины айлчлал олон улсын анхаарлын төвд байгаа. Тиймээс айлчлалын талаар болон Монгол Улсын талаар зарим хэвлэлд хэрхэн мэдээлснийг орчуулан хүр­гэж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн айлчлал Ази дахь  гадаад бодлогоо идэвхжүүлэх зорилготой хэмээн олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубын хөтөлбөрийн захирал Тимо фей Бордачев “ТАСС” агентлагт ярьжээ.  Тэрбээр “Энэ айлчлал эртнээс чухал байсан гэж бодож байна. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад гурван ч удаа оролцсон бөгөөд Орос улс Евразийн том орон зайг бий болгох үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж байгаа. Энэ орон зайд Монгол Улс ч мөн чухал байр суурь эзэлнэ. Ерөнхийдөө ОХУ Ази дахь хэлхээ холбоогоо идэвхжүүлж байна. Энэхүү айлчлал нь хоёр талын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Энд манай улстай шууд хиллэдэг, ямар ч тохиолдолд мартах ёсгүй томоохон хөрш орны тухай яригдаж байна” гэсэн байна.  Мөн “Хэдийгээр хүн ам цөөтэй, эдийн засаг нь жижиг боловч Монгол Улс нь газарзүйн байршлаасаа хамаараад бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хөрш бүх орон Монгол Улсыг хамтын ажиллагааны бүс нутгаа болгох сонирхолтой гэдэгт эргэлзэх зүйлгүй. Оросын удирдагчийн Улаанбаатарт хийх айлчлалыг эртнээс төлөвлөсөн байсан бөгөөд долдугаар сард АНУ болон Монгол Улсын хооронд стратегийн хамтын ажил­лагааны гэрээнд гарын үсэг зурсан нь айлчлал хийх төлөвлөгөөнд нөлөөлөөгүй,. Тиймээс энд Азийн энэ орны төлөөх Орос, Америкийн геополитикийн өрсөлдөөний тухай ярих нь зохимжгүй юм. Энд Монголын төлөөх ямар нэг тэмцэл болж байна гэж бодохгүй байна. Манай Америкийн түншүүд боломж байгаа газар бүр очихыг эрмэлздэг, гэхдээ энэ тохиолдолд Орос эсвэл Хятад улсын зүгээс шахалт ирнэ гэж санаа зовних шалтгаан болохгүй” гэжээ. Үүнээс гадна “Монгол Улсын одоогийн засаг захиргаа нь Москва, Бээжин, Вашингтоны харилцааг тэнцвэржүүлэхийг хичээж байсан өмнөх Засгийн газруудыг бодвол Орос, Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа. Монголын талын хувьд ОХУ-тай хамтран ажиллах нь маш чухал. Учир нь Хятад улсын өсөн нэмэгдэж буй нөлөөг ямар нэгэн байдлаар тэнцвэржүүлэхэд тусална” гэж шинжээч онцолжээ. 

 

France24.com: Монголд санхүүгийн тусламж үзүүлнэ

Бээжингээс хэт хараат байдлаасаа гарах зорилго тавьж буй далайд гарцгүй Монгол Улсад энэ долоо хоногт нэг өдрийн хугацаатай айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шинэ дэд бүтцийн төсөлд санхүүгийн туслалцаа үзүү­лэхээ амлажээ. Монгол ОХУ, БНХАУ-ын дунд стратегийн асар чухал бүсэд байрладаг бөгөөд эдийн засаг нь хөрш БНХАУ руу нийлүүлэх ашигт малтмалын олборлолтоос ихээхэн хамааралтай бай­даг. Гэсэн ч, Монголын эрх баригчид бусад Азийн орнууд руу экспорт хийх арга замыг эрэлхийлж байгаа юм. Тиймдээ ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн мягмар гарагт хийсэн айлчлалыг харилцаа холбоогоо бэх­жүүлэх чухал боломж хэмээн харж байв. 

“Нацистуудтай тулалдаж байх үед үзүүлсэн монгол­чуудын тусламж, дэмжлэгийг Орос улс хэзээ ч мартахгүй” хэмээн Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын үйл ажиллагааны үеэр В.Путин хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар Монгол дахь дэд бүтцийг санхүүжүүлэх хамтарсан  хөрөнгө оруулалтын санг байгуулах зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотор Халх голын дайны ялалтын баярын бэлэг болгож, 100 тэрбум рублийн зээлийн баримт бичигт гарын үсэг зуржээ. 

Харин эл зээлийг Ерөнхийлөгч Х.Баттулга нүүрс, бусад ашигт малтмал экспортлох шинэ суваг нээх зорилготой Хятад руу шинэ төмөр зам барихад ашиглахаар төлөвлөж буйгаа энэ үеэр ярьжээ. Мөн Х.Баттулга Монгол Улс байгалийн баялагаа Оросоор дамжуулан дэлхийн зах зээлд экспортлохын тулд Оросын нэг боомтод өөрийн гэсэн терминал барих чин хүсэлтэй байгаагаа энэ үеэр онцолсон байна. Хоёр улс жилд 1.7 тэрбум ам.долларын худалдаа хийдэг. Үүний 95 орчим хувийг Монгол Улсын ОХУ-аас худалдан авах шатахуун эзэлдэг байна.  В.Путины энэ удаагийн айлчлал АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперын айлчлалын дараа болж буйгаараа онцлог.