ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улстөрийн томилгоогоор ирсэн захирал хууль бус зүйл шаардаж байжээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-14

Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухааны үе үеийн шилдэг сэхээтнүүд, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсээр ирсэн МУИС сүүлийн өдрүүдэд муу муухай зүйлтэй нэр холбогдох боллоо. 76 жилийн намтар түүхтэй энэ их айлын үе үеийн төгсөгчид ажилласан газар, очсон салбар бүхэндээ гялалзаж, “МУИС-ийг төгсөгчид цаана л өөр шүү” хэмээн хэлэгдэж, магтагдаж байсан цаг саяхан мэт. 
МУИС-ийн дээд ангийн ах эгч нар “Чи биеэ сайхан авч яв. Илүү их унш. Бусдаас өндөр боловсор. Эцсийн эцэст ажил амьдралын талбар дээр чиний нэр биш, сургуулийн нэр дуудагдана шүү. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд үе үеийн төгсөгчдийн хичээж, эрхэмлэж ирсэн нэр хүндийг битгий л сэвтээчихээрэй” хэмээн доод ангийн дүү нартаа захиж, сургадаг байсан уламжлал өдгөө мартагджээ. 

Өөрөөсөө илүүтэйгээр сургуулийнхаа нэр төрийг хичээж, үеийн үед залгамж халаагаа бэлтгэж сургасаар ирсэн энэ нандин уламжлал хаана тасарсныг би мэдэхгүй. Хүүхэд залуучуудын мөрөөдөл, хүрэшгүй холын оргил мэт төсөөлөгддөг энэ сургууль өнөөдөр буруу булхай цөөхөн хүмүүсийн уршгаар уруудан гундаж байна. МУИС-д үүсээд байгаа зүй бус үйлдлүүдийн цаад учир шалтгааныг тогтоох, алдаа завхарлын цаад мөн чанарыг олохын тулд бид их сургуулийн цөөнгүй багш, оюутнуудтай уулзаж сурвалжилсан юм. Эцсийн бүлэгт хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтныг буруутгахыг хүссэнгүй. Харин МУИС-ийн нэр хүндийг унагаад байгаа алдаа завхрал засагдаасай, дахин бүү давтагдаасай хэмээн хүссэн учраас хэн нэгний овог нэр, албан тушаалыг дурьдахгүйгээр энэхүү нийтлэлээ хүргэж байна.  

МУИС-д улстөрийн нөлөөлөл орсноос энэ бүх завхрал эхэлжээ

Аливаа байгууллагын үйл ажиллагаанд улстөрийн нөлөө орж эхлэхээр уруудаж эхэлдэг жамтай. Энэ жишиг МУИС-ийг ч дайрсангүй. 2013 онд БШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн захирал солигдож, тухайн үед 15 салбар сургуультайгаар үйл ажиллагаа явуулж байсныг сургуулийг таван факультетэд хувааж бүтцийн өөрчлөлт хийжээ. Энэ үеэс МУИС “уламжлал” ба “шинэчлэл” гэх хоёр туйлд хуваагдаж, хөлөө жийлцэж эхэлжээ. Багш нарын талцал хуваагдал аажимдаа улстөрийн шинжтэй болон даамжирч, МАНай, тАНай болон ужгирсан байна. Мэдээж МУИС-ийн бүх багш энэхүү талцал хуваагдалд оролцоогүй нь тодорхой. Харин дарга, удирдлагуудаа даган долдойдсон цөөн хэдхэн хүний эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл нь МУИС-ийг гутааж, муухай харагдуулдаг болсон байна. Уг тэмцэл өдгөө улам хүчээ авч байгаа бөгөөд өнөөгийн удирдлага нь үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, төрөлх сургуулийнхаа төлөө асуудлыг эв зүйгээр шийдэхгүй байгаа нь харамсалтай. 

“Өргөдөл” гэх үгийг ч зөв бичиж чаддаггүй хүн хуулийн сургуульд ордог болжээ

МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас хамгийн өндөр шалгууртай, оюуны бяд, тэвчээр шаарддаг сургуулиудын нэг нь Хууль зүйн сургууль гэдэг. Монгол Улсын нэр хүндтэй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бүх хуульчдын 90 орчим хувь нь энэ сургуулийн бүтээгдэхүүн байдаг нь ч үүнтэй холбоотой байх. Харин улстөрийн томилгоогоор орж ирсэн удирдлагууд нь энэ хатуу чанга босгыг байхгүй болгож, дарга даамал болон улстөрийн намуудын чихээсний хүмүүсийг элсүүлэх болсон байна. Түүгээр ч зогсохгүй эчнээ анги байгуулж, УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, төрийн өндөр албан тушаалд цүнх барьж гүйгээд томилогдсон хүмүүст хичээл заасан болж МУИС-ийн эрх зүйн диплом олгох болжээ. Мөн оюутнуудыг хөтөлбөр хооронд солих, босго оноог давж чадаагүй хүүхдүүдийг элсүүлэх зэрэг олон асуудлыг удирдлагын зүгээс гаргадаг болсон аж.

Зөвхөн 2018 онд л гэхэд МУИС-ийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр “12 оюуныг Байгалийн ухааны салбарт, зургаан оюуныг Нийгмийн ухааны салбарт, 19 оюутныг Хүмүүнлэгийн ухааны салбарт, 15 оюутныг Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарт, 23 оюутныг Бизнесийн сургуульд, 17 оюутныг Олон улсын харилцааны сургуульд, есөн оюутныг “Эрдэнэт сургуульд” нийт 101 оюутныг баклаврын хөтөлбөр хооронд шилжүүлсэн байгаа юм.

Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс шигшигдсэн сор залуучууд МУИС-д суралцдаг байсан үе улирч, улстөр, бизнесийнхний үр хүүхэд, ах дүү, амраг садан, албан тушаалтнууд хууль бусаар олноор элссэний үр дагавар нь өнөөдөр яригдаж байна. Шударга бусаар аргаар, сурсан мэдсэн зүйлгүйгээр МУИС-ийн диплом өвөртөлсөн тэдгээр хүмүүс ажиллаж буй салбар бүртээ өөр ямар сөрөг үр дагавар гаргахыг төсөөлөшгүй.

2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд шилжин суралцсан оюутны өргөдлийг энэ  нийтлэлд хавсаргалаа. Эрдмийн их уурхай МУИС-ийн хоёрдугаар ангийн оюутны мэдлэг, ур чадвар өнөөдөр ийм төвшинд байгаа нь дэндүү харамсалтай. 

МУИС-ийн удирдлагууд албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, оюутнуудын дүнг засах, сургууль хооронд хууль бусаар шилжүүлэн суралцуулдаг асуудлыг АТГ-аас шалгаад “Оюутныг шилжүүлэх суралцуулахдаа хууль, дүрэм, журам зөрчсөн байна” гэдгийг тогтоож зөрчлийг арилгуулахаар салбарын сайдад нь албан бичиг хүргүүлж байсан байна. 

Оюутны дүнд орж буй засвар мэдээлэл технологийн албанд мэдэгдэхгүй өнгөрөх ёсгүй

МУИС 2012 оноос “Сиси цахим мэдээллийн систем”-ийг нэвтрүүлжээ. Ингэснээр оюутнууд өөрсдийн дүнгээ цахимаар хянах, судлах хичээлээ сонгох, хичээлийн хувиараа өөрөө зохиох олон боломж бүрджээ. “Сиси цахим мэдээллийн систем” намар хичээл сонгох үед, өвөл хавар хичээлийн дүн гарах үед 10 хоногийн хугацаанд нээдэг аж. “Сиси” нээсэн хугацаанд багш нар оюутнуудынхаа дүнг бүрэн шивж оруулах ёстой бөгөөд амжихгүй байсаар “Сиси” хаагдсан үед багш нарт дүн оруулах, засах ямар ч боломж байдаггүй аж. Зарим багш олон ижилхэн нэртэй оюутнуудын дунд төөрөлдөж дүнг буруу оруулсан, санамсаргүйгээр алдаатай шивсэн тохиолдолд тухайн улиралд хөтөлсөн журнал, шалгалтын хуудас, бусад нотлох баримтуудаа оюутны гаргасан өргөдлийн хамт харьяалсан сургалтын албандгаргаж, Мэдээлэл технологийн алба, төв МУИС-ийн сургалтын албанаас өгсөн зөвшөөрлийн дагуу “Сиси”-г түр нээлгэж сургалтын албаараа дамжуулан засвараа хийлгэдэг байна. 

МУИС-ийн мэдээлэл технологийн оюутан сургалтын албаны ажилтны ID хаягийг хуурч аваад дүнгээ зассан нэг тохиолдол гарсан бөгөөд тэр дороо баригдаж байжээ. БСШУСЯ-ын хяналт шалгалтын дүнгээр 2013 онд хоёр дүн, 2014 онд 221 дүн, 2015 онд 74 дүн, 2016 онд 70 дүн, 2017 онд 27 засагджээ. Мөн 2017 онд зөвхөн Хууль зүйн сургуульд л 115 дүнг зассан асуудал илэрч Хууль зүйн сургуулийн сургалтын албаны хоёр ажилтан ажлаасаа чөлөөлөгджээ. Хамгийн хачирхалтай нь олон оюутны дүнд өөрчлөлт орж байгааг Мэдээлэл технологийн алба нь мэдсээр байж холбогдох хүмүүст мэдэгдэлгүй туйлд нь хүргэсэн байгаа юм. Хууль зүйн сургуулийн оюутнуудын 115 дүнг зассан гэх асуудлыг гурван шатны шүүхээр хэлэлцээд багш нар “Сиси цахим мэдээллийн систем” хаагдахаас өмнө оруулж чадаагүй дүнг, сургалтын албаны ажилтнууд багш нараас албан ёсоор гаргаж өгсөн дүнгийн хуудас,  оюутнуудын өргөдөл, холбогдох бусад баримтуудад үндэслэн хууль журамд нийцүүлэн өөрчилсөн гурван шатны шүүхээр тогтоогдож, үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн хоёр ажилтныг эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан байна. Хууль ёсны дагуу хийгдсэн үйл ажиллагааг зарим хүмүүс мушгин гуйвуулж, МУИС-ийн нэр хүндийг унагаах гүжир гүтгэлгийн мэдээллийг зориудаар тарааж байгаад харамсаж буйгаа тус сургуулийн багш нар хэлж байв. 

Шаардлага тавихаар дарамт, шахалт үзүүлдэг байна

МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг захирал “Миний танилын хүүхдийг яг одоо элсүүлж ав” хэмээн Сургалтын албаны даргаасаа шаардаж байжээ. Ийм төрлийн шаардлага МУИС-ийн удирдлага, багш гэлтгүй, төрийн өндөр албан тушаалтан эрх мэдэл бүхий хүмүүсээс ч их ирдэг байна. Сургалтын албаны дарга, ажилтнууд нь “Ийм хууль бус зүйл хийж чадахгүй. Үнэхээр л эрдэм чадалтай юм бол зохих шалгалтаа өгөөд ном журмынх нь дагуу элсээд ороод ир” гэдэг шаардлагыг сөргүүлэн тавихаар элдвээр дарамтлах, шахалт үзүүлэх, албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг зохион байгуулдаг аж. Дүн зассан асуудалтай холбоотой бүх зүйл нь эцсийн дүнд шударга шулуун зан гаргасан хүмүүсийг хууль бус хэрэгт холбогдуулан зайлуулах гэсэн башир явуулга байсан байж болзошгүй байгаа юм. Уг үйл ажиллагаанд нь сургуулийн удирдлагууд, Мэдээлэл технологийн алба нь хамжин оролцсон байж болзошгүй байгаа юм. 

Эцэст нь хэлэхэд, МУИС-ийн нэр хүндийг унагааж буй энэ бүх нөхцөл байдлыг таслан зогсоохын тулд МУИС-ийн дотоод үйл ажиллагаанд тухайлбал, удирдлагыг томилох асуудалд улстөрчид оролцдог байдлыг зогсоох шаардлагатай байна. Цаашлаад Мэдээлэл технологийн алба нь үндсэн чиг үүргээ гадны ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр явуулаад эхэлбэл дүн зассан гэх ямар ч асуудал дахин үүсэхгүй юм.