ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийт иргэдийн нэг хувиас доошгүй нь нэгдэж нам байгуулах тухай заалтыг хэлэлцэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-05

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхлэх ёстой байсан хэдий ч 16:15 цагт эхэллээ. Хуралдаанаар парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна гэсэн заалтыг хэлэлцэж байна. Уг заалттай холбоотойгоор гишүүд үг хэлж асуулт асууж байна. 

Ж.Батзандан: Нийгмийн зүгээс нэлээд шүүмжлэл дпагуулсан зүйл заалтуудыг хэлэлцэж байна. ШИНЭ монгол хүний иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг тоогоор хязгаарлахыг эсэргүүцэж байгаа. Энэ нь ногоон намыг татан буулгаж байна гэдэгтэй яг адилхан сонсогдож байна. хуучин хоёр нам үлдээд, шинэ нам байгуулахыг хаая гэж байгаатай яг адилхан сонсогдож байна. монгол Улс хамгийн их өртэй таван орны нэг болсон. Хуучин хоёр намаас залхсан байна. Шинэ улс төрийн хүчнүүд Монголын төрийг удирдаасай гэж харж байгаа. Гэтэл шинээр улс төрийн нам байгуулах босгыг нэмэгдүүлж байгаа нь хүний эрх зөрчсөн заалт гэж үзэж байна. 

О.Баасанхүү: Энэ заалтыг засаад, дэмжих ёстой гэж бодож байна. Иргэдийн тоог дээд хязгаар нь гэж оруулж ирэх ёстой. Дээд болон доод хязгаарыг тогтоохдоо тухайн жилийн сонгуулийн насны гэж оруулмаар байна. Шинэ нам бүртгэх цаг болсон. Намыг бүртгэхдээ адилхан тэгш эрхийн зарчмаар бүртгэгдэх ёстой. Цөөн тооны суудлыг бусад нам авч байсныг үгүйсгэхгүй. Монгол Улс олон ургалч үзэлтэй байя гэвэл борооны дараа мөөг шиг олон намтай байх хэрэггүй. Намын дотоод ардчилал гэдэг МАН-д л байна. Бусад намууд бүгд хувийн компани болчихсон. Намын дарга нь хариуцлага хүлээхээ больсон. Хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө сонсоно гэдэг зарчмаар явдаг болчихсон. Тэгэхээр нам байгуулах гэж байгаа бол намын санхүүжилтийг маш тодорхой болгох ёстой. Сонгуулийн насны иргэдийн гэхээр яг аль сонгуулийн насны гэдгээ тодорхой болгох ёстой. 21 аймагт салбар нэгжгүй байна гэдгийг бид дэмжсэн. 20 мянган хүний дэмжлэг авч чадахгүй бол нам байгуулаад яах юм бэ. 800 хүнийг маш амархан бүрдүүлнэ. Нэг өдөр гарын үсэг цуглуулахад маш амархан. Тиймээс босгыг нэмэгдүүлэх нь зөв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.