ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийт хүн амын нэг хувиас доошгүй нь нэгдэж нам байгуулахыг дэмжлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-05

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна гэсэн заалтыг хэлэлцэж байна. Уг заалттай холбоотойгоор гишүүд үг хэлж асуулт асууж байна.

Л.Болд: Нэлээд хувь заяа шийдэх асуудал ярьж байна. Өнгөрсөн 30 жилд зөвөөсөө буруу нь их. Эх нь булингартай бол адаг нь булингартай байдгийн дагуу улс төрийн нүгэл улс төрийн намуудад очиж байгаа юм. Намууд худлаа хэлдэг, худгай хийдэг хүнийг гаргаж ирдэгээс үүдэлтэй. Тэгэхээр намуудын учрыг олоогүй цагт Үндсэн хуулийг мянга өөрчлөөд нэмэргүй. Намуудыг нээлттэй зөв, ардчилалтай байгууллага болгоод хуульчилчихсан бол өнөөдрийн асуудлууд үүсэхгүй байсан. Гэтэл намын тухай хуулийг бүлэглэлд үйлчилдэг механизм болгох нөхцлийг бүрдүүлсэн. Ийм өндөр хувиар нам байгуулна гэж тулгаж байгаа нь төрийн эргэлт. Монголын иргэдийн цөөхөн намуудын хашаанд хаших гэж байна. Ингэснээр цөөхөн хэдэн бүлэглэл монголчуудыг мөнхөд захирах болно. Тэр олон нам хаана байгаа вэ. Өнөөдөр УИХ-д ганцхан нам сууж байна. АН байгаад тарсан. ШИНЭ нам 68 мянган гишүүнээ бүртгүүлчихсэн. Гэтэл тэдний 20 мянгыг нь бүртгэ гэж байна. Үүний цаана ШИНЭ шиг шинэ нам, шинэ эвслийг үгүй хийж байгаа юм. Намуудад гараа бололцоог нь олгох ёстой. Монголын ард түмнийг ойрын 20 жил харанхуй нүхэнд оруулах хуйвалдааныг дэмжиж болохгүй. 

Б.Бат-Эрдэнэ: Намын босго хэт нам байгаа нь үнэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар бүрэн гүйцэд зөвшилцөлд хүрч чадсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. 

Д.Дамба-Очир: Намын төлөвшил, намын босго, түүнд тавигдах шаардлага үүрэг хариуцлага гэдэг зүйлийг зайлшгүй ярих ёстой. Ерөнхийлөгчийн зүгээс 50 мянга дээр нэмэх нь нэг, АН-аас нийт хүн амын нэг хувь, МАН-аас сонгуулийн насны иргэдийн нэг хувь гэж оруулж ирж байгаа. Улсын хэмжээнд 30 орчим нам байна. Зарим нь хаана юу хийж яваа нь ойлгомжгүй байна. Намыг мөнгө олдог хэрэгсэл болгосон ганц хүнтэй нам ч байна. санхүүжилт нь тодорхойгүй намууд ч бий. Намуудын төлөвшлийн асуудлыг зайлшгүй ярих ёстой цаг нь болсон. Энэ үндсэн хуулиар намуудын босгыг тавих ёстой. Монгол Улсын цаашдын хөгжилд хэрэгтэй заалтыг эсэргүүцээд байх хэрэггүй гэж бодож байна. 
Ингээд уг заалтыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь буюу 59 гишүүн дэмжлээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.