Итали 5 дахь хожлоо байгуулж, хэсгийг тасархай тэргүүлж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-06

Улсын лигүүд түр завсарлаж, Евро-2020 тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байна.  Өнгөрсөн шөнө  J хэсгийг тэргүүлж байсан Италийн шигшээ баг Арменийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Хэсгийн тав дахь тоглолтоо хийсэн Италийн баг ийн 5 дахь хожлоо авч, 15 оноотойгоор тэргүүллээ хадгаллаа. 

Тоглолтын 11 дэх минутад талбайн эздээс Карапетян гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Италиас Белотти 28, 80 дахь минутад дубль хийсэн бол Лоренцо Пеллегрини 77 дахь минутад нэгийг оруулжээ. 

Хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байсан Финландын шигшээ баг талбайдаа Грекийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж байгаа юм. Харин Грек 4 оноотой 5 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 52 дахь минутад Пукки торгуулийн цохилтоос оруулжээ. 

Хэсгийн гурав дахь тоглолт Босни болон Лихтенштейны хооронд болж, талбайн эзэд 5:0-ээр хожлоо. Ийнхүү Босни 7 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 11, 89 дэх минутад Гояк хоёрыг оруулсан бол Малин 80 дахь минутад авто гоол оруулжээ. Улмаар Жеко 85, Вишча 87 дахь минутад нэг нэгийг оруулсан байна.