Испанийн шигшээ 5 дахь хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-06

Евро-2020 тэмцээний урьдчилсан шатны зарим тоглолтууд өнгөрсөн шөнө болсон билээ. Тэгвэл F хэсгийг тэргүүлж байсан Испанийн шигшээ баг 5 дахь тоглолтоо Румыны талбайд зочилж, хийлээ. Энэхүү тоглолтод зочин баг өрсөлдөгчөө 1:2-оор хожсоноор 5 тойргийн дараа 15 оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. 

Энэ хэсэг 6 багтай, 10 тоглолт хийх учиртай. Тэгвэл  5 тоглолтын дараа Испани 100 хувийн амжилттай явна. Энэ удаагийн тоглолтын 29 дэх минутад Рамос торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн бол Пако Алькасер 47 дахь минутад нэгийг нэмжээ. Талбайн эздээс Андоне 59 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулсан байна. 

Энэ хэсэгт хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа Шведийн шигшээ баг Фарерын арлуудын багын талбайд зочилж, 0:4-өөр хожлоо. Ингэснээр 10 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 12, 15 дахь минутад Исак хоёр гоол оруулж, дубль толилуулсан. Харин Линделеф 23, Квайсон 41 дэх минутад нэг нэгийг нэмэрлэжээ. 

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Норвеги болон Мальтын хооронд болсон. Талбайдаа хэсгийн сулхан багийг хүлээж авсан Норвегийн шигшээ өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, 8 оноотой болсноор гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 33 дахь минутад Берге тооны харьцааг нээж, Жошуа Кинг 45 дахь минутад нэгийг нэмжээ.